/2021.11.23/ “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг ноднин шинэчлэн баталсан билээ. Тус журмын хэрэгжилтийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, олгох шалгуурыг өндөрсгөсөн байна. Мөн паспортын хадгалалт, ашиглалтад онцгой анхаарч, тодорхой зохицуулалтуудыг нэмжээ.
Тухайлбал, ажлын шугамаар гадаадад зорчих бол албан болон дипломат пасспорт эзэмшиж буй төрийн албан хаагч томилолтоор ажиллах тухайгаа харьяа байгууллагаараа дамжуулан хүсэлт гаргана. Тус хүсэлтэд үндэслэж ГХЯ-наас албан болон дипломат пасспортыг түр олгохоор журамд тусгасан байна.
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, "Тухайн пасспортыг эзэмшигч төрийн албан хаагч томилолтоор яваа тухай нотлох баримтаа Монгол Улс болон гадаадын хилийн боомтуудад шалгуулна. Мөн Монгол Улсын хилээр нэвтэрсэн даруй пасспортоо хилийн боомтод хураалгах юм. Үүний дараагаар хураасан паспортыг ГХЯ-нд хүргүүлж, тусгай бүртгэлийн дагуу хадгална. Хэрэв хилийн боомтод паспортоо хураалгахаас татгалзсан тохиолдолд дахин олгохгүй" гэв.
Дипломат, албан гадаад паспортын ашиглалт, хадгалалтад хяналт тавих үйл ажиллагааг чангатгах ажлыг ГХЯ-наас үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын тогтоолыг үндэслэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, ажлаасаа халагдсан, өөр албан тушаалд шилжсэн хүмүүсийн 806 паспортыг хүчингүй болгож Эрүүгийн цагдаагийн албаны цахим мэдээллийн санд холбогдох мэдээллийг хүргүүлсэн байна.
Иймд хилийн чанадад зорчихоосоо өмнө хүчингүй болсон пасспорттой эсэхээ www.consul.mn хаягаар нэвтэрч шалгах боломжтой.