/2021.11.17/ ЭМД-ын сангаас сум, өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилт хоёр дахин өсгөсөн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд нэг асуудал байдаг нь өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бага мөнгө зарцуулдаг. Харин өвчин туссаны дараах эмнэлэгийн үйлчилгээнд төсвийнхөө ихэнхийг хуваарилдаг гажуудсан тогтолцоотой.
Тиймээс эрүүл мэндийн анхан шатны байгууллага болох сум, өрхийн эмнэлэгт олгох санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх маш чухал шийдвэр гарсан. Тодруулбал, нэг хүнд ногдох эмчилгээний зардлыг нэг нугалж 87 тэрбум төгрөгийг төсөвт суутгалаа.
2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуульд нэмэлт өөрчлөлт орж, төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээнүүдийг ЭМД-ын сангаар дамжуулан худалдан авах эрх зүйн орчин бүрдсэн ба хууль хэрэгжилт ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэхээр болсон.
ЭМД-ын сангаас нэг иргэнд олгох эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 2 сая төгрөг байсан бол үүнийг хязгааргүй болгосон. Өөрөөр хэлбэл хүнд өвчтэй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас хязгааргүй авч болно гэсэн үг юм. Мөн хөнгөлөлттэй эмийн жорыг бүх шатны эмч бичдэг, бүх эмийн сангаар олгодог байхаар хуулийн зохицуулалтыг хийсэн. Тус хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн" гэв.