/2021.11.17/: Цар тахлын улмаас зарим барааны хомсдолд орохгүйн тулд америкчууд баярын өдрүүдээс урьтаж дэлгүүр хэсэхийг эрмэлзэж, аравдугаар сард жижиглэнгийн худалдаа өсч, дөрөвдүгээр улирлын эхний байдлаар эдийн засагт өсөлттэй байлаа.
Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаатай холбоотой санаа зовнилоос болж хэрэглэгчдийн сэтгэл зүй сүүлийн 10 жилийн доод түвшинд хүртэл унасан. Гэсэн хэдий ч мягмар гаригт Худалдааны яамнаас гаргасан албан ёсны тайланд өндөр инфляци нь зардлыг бууруулж чадахгүй байгааг харуулж байна.
Хөрөнгийн зах зээл, орон сууцны үнийн хүчтэй өсөлт, мөн их хэмжээний хуримтлал, цалингийн өсөлтийн ачаар өрхийн орлого нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийг сүүлийн гучин жилийн хамгийн өндөр инфляцийн эсрэг зөөлрүүлж байгаа бололтой гэжээ.
АНУ-ын иргэдийн орлогын гуравны хоёроос илүү хувийг эзэлдэг хэрэглээний зардал болон эдийн засгийн идэвхжил 1.7 хувиар өссөн байна.
JPMorgan-ын эдийн засагчид дөрөвдүгээр улирлын ДНБ-ий өсөлтийг 4-5 хувьд хүрнэ гэсэн бол Goldman Sachs таамаглалаа 0.5 хувиар өсгөж 5.0 хувьд хүргэв. Гуравдугаар улиралд эдийн засаг хоёр хувийн өсөлттэй гарсан байна.
Мягмар гарагт Холбооны нөөцийн сангаас гаргасан тайланд дурдсанаар аж үйлдвэрийн үйлдвэрлэл өнгөрсөн сард 1.2 хувиар өсч, 2019 оны гуравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрч, есдүгээр сард 0.7 хувиар буурч, эдийн засгийн дүр зургийг улам тодруулав.
Пенсильвани мужийн Голланд дахь Naroff Economics-ийн ахлах эдийн засагч Жоэл Нароф "Эдийн засаг зуны улирлын идэвхгүй унтаа байдлаасаа салж хүчтэй өсч байна" гэж хэлэв.
Эх сурвалж: reuters