Дубай хотод Монголын Үндэсний өдөрлөг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дубай хотод Монголын Үндэсний өдөрлөг боллоо

/2021.11.17/: Монгол Улс 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрүүдэд болж буй “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Үндэсний өдөрлөгийн нээлтийн үеэр Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч Т.Дүүрэн, Дубай Экспо-гийн Ерөнхий комиссарын ажлын албаны дарга Нажийб Мухаммад Али нар үг хэлэв.

Монголын Үндэсний өдөрлөгийг Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн далбааг мандуулж, Монголын нүүдэлчин соёл иргэншил, өнө эртний давтагдашгүй түүх, зан заншил, уламжлалыг харуулсан уртын дуу, хөөмий, хөгжмийн үзүүлбэр зэрэг давтагдашгүй ур хийц бүхий ардын урлагийн бүтээлүүдийг үзэгчдэд толилуулав.

Дэлхийн үзэсгэлэнгийн түүхэнд анх удаа оролцогч улс бүр “Opportunity, mobility and sustainability” сэдвийн хүрээнд өөрийн түүх, соёл, технологийн хөгжлийг харуулсан павилион тохижуулж оролцож байгаа бөгөөд Монгол Улс тус сэдвийн хүрээнд өөрийн павилионоо тохижуулж, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчлан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг дэлгэн тавьсан юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Шейх Абдулла бин Заид Аль-Нахъян, Төрийн сайд Ахмад Аль-Саиг нартай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улс Булангийн орнууд, түүний дотор Эмираттай явуулж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо энэ ондоо багтаан Элчин сайдын яамаа нээх тухай мэдээлэв. Түүнчлэн, АНЭУ-ын зүгээс Монгол Улсад Тайширын усан цахилгаан станцыг байгуулахад зориулж хөнгөлөлттэй зээл олгож байсанд талархал илэрхийлээд цаашид дэд бүтцийн томоохон төслүүд дээр хоёр улс хамтарч ажиллах боломж байгааг онцлов.

Шейх Абдулла бин Заид Аль-Нахъян хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд Монгол Улс Абу Дабид Элчин сайдын яамаа нээж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа нотлов. Түүнчлэн, Шейх Абдулла бин Заид Аль-Нахъян Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ ондоо багтаан албан ёсны айлчлал хийхийг урив.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Төрийн сайд Ахмад Аль-Саиг-тай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, газрын тос, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Түүнчлэн, ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

Шатахууны сав цэвэрлэж байсан 3 хүн ухаан алдсан байсныг гаргаж авчээ
Шатахууны сав цэвэрлэж байсан 3 хүн ухаан алдсан байсныг гаргаж авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.