/2021.11.16/: Их Британийн цагдаа нар Ливерпүүл хотын эмнэлгийн гадаа болсон дэлбэрэлтийг террорист ажиллагаа гэж зарлаж, таксинд нэгэн этгээд гар хийцийн тэсрэх төхөөрөмж байрлуулах үед дэлбэрэлт болсон гэж үзэж байна.
Албаныхны мэдээлснээр, Даваа гарагт нэгэн зорчигч тээврийн хэрэгсэлд тэсрэх төхөөрөмжтэй орж суух үед гэнэт дэлбэрсэн байж болзошгүй гэж мэдэгджээ. Дэлбэрэлтийн улмаас сэжигтэн нас барсан ч таксины жолооч зугтаж амжсан байна. Цагдаа нар 20 гаруй насны дөрвөн эрэгтэйг баривчилсан бөгөөд сэжигтнийг хэн болохыг мэдэж байгаа гэж үзэж байгаа ажээ.
Терроризмын эсрэг North West-ийн цагдаагийн даргын туслах Рус Жексон даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр "Бидний явуулсан мөрдлөгөөр тэсрэх бөмбөгийг гараар хийсэн болохыг харуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар үүнийг таксинд сууж явсан зорчигч хийсэн гэж таамаглаж байна" гэв.
Жолоочийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон томоохон хэмжээний дэлбэрэлтээс урьдчилан сэргийлж чадсан хэмээн магтжээ. Хотын дарга мөн мэдээлэл хийхдээ жолооч машиныхаа хаалгыг түгжсэн байсан учраас дэлбэрэлтийн нөлөөг хязгаарласан байсан хэмээн мэдэгджээ.
Ням гарагт Ливерпүүл дэх эмэгтэйчүүдийн эмнэлгийн гадна дэлбэрэлт болсон газрыг мэргэжилтнүүд шалгаж байгаа ба Жоан Андерсон даваа гарагт BBC Radio 4-т өгсөн ярилцлагадаа "Таксины жолоочын баатарлаг хичээл зүтгэлээр эмнэлэгт тохиолдож болох байсан аймшигт гамшгийг өөр тийш нь чиглүүлж чадсан" гэжээ.
Цагдаа нар хэрэг явдлын сэдэл тодорхойгүй гэж мэдэгдсэн бөгөөд бай эмнэлэг байсныг батлаагүй байна. Жэксон хэлэхдээ, цагдаа нар “Британийн дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ням гараг” ойрын хугацаанд зохион байгуулагдах гэж байгааг онцолсон ч дэлбэрэлт үүнтэй холбоотой эсэхийг хараахан тогтоогоогүй байна.
Дэлбэрэлт болохоос өмнө эмнэлгийн машины зогсоол дээр таксины хөдөлгөөн удааширан зогссон нь хяналтын камерын бичлэгт бичигджээ. Машин галд автахаас өмнө нэгэн эрэгтэй машиныг орхиж байгаа нь тод харагдсан байна.
Эх сурвалж: cnn.com