/2021.11.11/ “Ковидын үеийн Монгол Улс” форум өнөөдөр Новотел зочид буудалд болж байна. Форумын “Ковид ба Эрүүл мэндийн салбар” хэлэлцүүлэг болж байна.
КОВИДЫН ҮЕИЙН ХҮНИЙ ЭРХ
-
Гадаадад гарсан иргэдийн төлөөлөл Г.Эрдэнэзул
-
Бодлогод залуусын хяналт ТББ, Б.Болорсайхан
-
Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн
Гадаадад гарсан иргэдийн төлөөлөл Г.Эрдэнэзул:
Би гадаадад гацаж байхдаа газраа шүгэл үлээж тэмцэж байсан залуустайгаа монголдоо ирж нэгдээд, Зөвийг шүгэлдэгч ТББ байгуулаад ажиллаж байна. Бид зовлон туулж, тэмцэж байж эх орондоо ирсэн. Олон хүний өмнө энэ асуудлыг ярих боломж олдож байгаад баярлалаа. Гадаадад гацаж байхдаа нас барсан, хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж чадаагүй 24 мянган монгол хүний өмнөөс ярьмаар байна.
Гадаадад иргэд гацсан үеэс Монол Улсын Засгийн газрын алдаанууд эхэлсэн. Эндээс авлигал, улстөр эхэлсэн. Хилээ хаасан үед гадаадад гацсан иргэд эхэндээ энийг зөв гэж бодож байсан. Бид гадаадаас вирүс тээвэрлэж орох магадлалтай учир Засгийн газрын зөв гэж бодож, итгэж хүлээсэн. Гэвч бидний бодсон шиг зөв байгаагүй. Хоёр байдал дээр төвөгтэй болгосон. Нэг нь тусгай үүргийн онгоц. Хоёр дох нь 14 дээр нэмэх 11 хоног тусгаарласан. Энэ асуудлуудаас болж иргэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч эхэлсэн.
Гэтэл саяхан Засгийн газар тусгаарлах журмаа өөрчиллөө. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар энэ журмыг долоон удаа өөрчилсөн. Япон лугаа хөгжье гэж ярьдаг. Гэтэл тус улсын хүнээ нэгдүгээрт тавьдаг. Хүнээ нэгт тавьдаг улс хөгждөг юм. Монголоос Япон руу зорчиж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлаж, зардлыг нь Засгийн газар нь гаргаж байгаа. Хүнээ бодож байгаагийн илрэл юм.
Биднийг гадаадад гацааж байх үед бидний олон үндсэн эрх зөрчсөн. Үүн дээр Засгийн газар хэзээ ч биднээс уучлалт гуйгаагүй. Хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүсээс хэзээ ч уучлалт гуйгаагүй. Үүнд маш их харамсаж байна. Ковидыг ухаантай гэхээсээ илүүтэй сэтгэл сайтай удирдагчид даван туулж чаддаг юм байна. Удирдагчид хүнээ боддог байгаасай.
Иргэн Б.Мөнхбат:
Яг нэг жилийн өмнө надад тохиолдсон үйл явдлыг ярья. Би БНСУ-д таван сар гацаж байгаад, азын сугалаанд орж байгаа юм шиг болж ирсэн. Эрүүл гэж намайг онгоцонд суулгасан. ЭМЯ-ны 21 хоног тусгаарлах журам гэж үзүүлсэн. Ингээд журмын дагуу нэг өрөөнд 5 хүнийг оруулчихсан өрөөнд оруулсан. Өрөөнд нь ортол тусгаарлах гэхээсээ илүү зүгээр хянасан, бөөгнүүлсэн. Хэлж байгаад хоёр хүнтэй өрөөнд орууллаа. 21 хоног тусгаарлагдаж, 4 шинжилгээний дараа маргааш нь эрүүл гээд гарах гэж байтал 23 хоног хориод л байсан. Яагаад гээд асуутал хариулдаг хүн байхгүй. “Та нар хүн биш вирүс” гэсэн хандлагатай. Яг үнэндээ гадаадаас халдвартай хүн ирж байгаа юм биш, харин тусгаарлах байр чинь өөрөө халдвар тараах газар болжээ гэдгийг би хэлсэн. Гэтэл ингэж хэлсний төлөө намайг Эрүүгийн хуулиар ялласан. Одоо ч гэсэн яллагдагчин статустай явж байна. Ингэж миний шударга шүүмжлэл явуулах эрхийг минь хаасан. Цагдаа, шүүх гэж явсаар ажил хөдөлмөр хийх эрхгүй болсон. Ковидын хууль гэх мэт ковидоос аймаар шийдвэрүүдийг энэ хүмүүс гаргаж байна. Иргэн гацаад ирээд, яллуулаад, ажилгүй болоод бүтэн жилийг өнгөрөөлөө.