/2021.11.11/: Шинэ зохицуулалт Виртуал хөрөнгө Өнгөрсөн хавраас сураг нь дуулдаж эхэлсэн Виртуал хөрөнгийн тухай хууль дуншсаар энэ завсар зохицуулалтгүй зах зээлд 2 их наяд төгрөг гарчээ.
Өнөөдөр үйл ажиллагааг явуулж буй 7 бирж дээрх мөнгөн дүнг оролцогчидтой харьцуулж үзвэл ойролцоогоор нэг иргэн 3 сая орчим төгрөгийг энэ зах зээлд оруулсан байна. Мөнгөний эх үүсвэрийг хэн ч тогтоох боломжгүй гагцхүү койны худалдаанд эргэлдэж байгаа хэмжээтэй дүйцэхүйц мөнгө банк болон банк бус хөрөнгийн зах зээлээс шилжээгүй байгаа нь анхаарал татаж байна.
Ийм хэмжээний мөнгө нэг зах зээлээс нөгөө рүү шилжсэнгүй. Үүнд хамгийн том хардлага эрсдэл бий. Иргэн бүртээ 1000 орчим ам доллар тарааж гэрт нь хорьж орхисон АНУ-ын коины сэргэлтийн зах зээлээс арай өөр дүр зураг харагдаж хардалт төрүүлж байна.
Учир нь 2 их наяд төгрөг хаанаас гарсан бэ гэдэг асуулт хэвээр... Энэ салбарыг анхааралтай ажиглаж байгаа трэйдэрүүдийн дүгнэлтээр:
Нэгдүгээрт. Энд асар их мөнгө угаах процесс явагдаж байхыг үгүйсгэхгүй,
Хоёрдугаарт. Иргэд бодитоор байр машинаа зарж арилжаанд орж байж болзошгүй гэнэ.
Зохицуулалтгүй зах зээл дээр амжилттай тоглож байгаа компаниудыг Монгол Улс Виртуал хөрөнгийн тухай хуулиар арилжаа явуулж буй биржүүдийг хянах замаар хязгаарлахаар зорьж байна.
Үйл ажиллагаа явуулж байгаа биржүүд шинэ хуулиар Санхүүгийн зохицуулах хорооноос өндөр шалгуур бүхий эрх авдаг болно. Улсын тэмдэгтийн хураамж нь 50-100 сая төгрөг. Зөвшөөрөл өгөх хугацаа 6 сараас 1 жил үргэлжилэхээр байна. Өдөр ирэх тутам тэлж буй зах зээлд болгоомжлох асуудал их байгаа учраас хуулийн процесс нилээд хугацаа авах бололтой.
Биржүүдийн хувьд хамгийн чухал нь арилжаанд орж буй мөнгөний эх үүсвэрийг шалгах, хэрэв сэжигтэй бол мэдээлэх үүрэг хүлээх нь. Уламжлалт хөрөнгийн зах зээл гэхэд хувьцаа авах бүртгэх хянах ноогдол ашиг тараах таван процесс олон талын оролцоотой байдаг.
Үнэт цаасны хувьд төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, хөрөнгийн бирж гээд эрсдлийг хуваасан бүтэцтэй. Харин коины биржүүд энэ бүгдийг өөрсдөө дангаар хийдэг. Биржүүдийг арилжаагаа зогсоохыг СЗХ-оос шаардсан ч арилжаа явагдсан хэвээр.
Мэргэжилтнүүдийг санааг зовоож байгаа дараагийн асуудал нь бирж байгуулж байгаа мөн койн гаргаж байгаа хувь хүн байгууллага өөрийн бодит үнэлгээнээсээ өндөр өгөөж бусдад санал болгож болох уу гэдэг асуулт. Нэг сарын өмнө байгуулагдаад тэрбумаар нь коин гаргаж зарж болох уу?
Дараагийн асуудал шинэ хуулинд тусгаж буй хариуцлагын асуудал энэ зах зээл дээр эргэж байгаа мөнгөн урсгалын хувьд 10 сая орчмын торгуультай байхаар яригдаж байна. Арилжааны оргил үедээ зөвхөн шимтгэлээс 120 сая төгрөг олж байгаа биржүүдэд энэ нь хэлбэр төдий юм.
Мөн татварын асуудлыг яаж шийдвэрлэх нь шинэ хуулиар тодорхойгүй байна. Тусгайлан авч үзээгүйгээс харахад хувьцааны арилжаатай дүйцүүлэх болов уу гэсэн таамаг байна.
Дэлхий даяар алсын хараатай коинууд бий зорилго босгосон мөнгөөрөө юу хийх нь тодорхой койнуудад хөрөнгө оруулах нь эрсдэлгүй. Мөн тогтмол ханштайгаар зөвхөн ноогдол ашиг аваад явахыг санал болгох нь ч бий. Энэ бүхнийг харж сонголтоо хийх нь иргэн таны хариуцлага болж байна.
Анх бидний мөнгийг яагаад хэн нэгэн удирдаж ашиг олж бас мөнгөний үнэ цэнийг бууруулах ёстой гэж? гэсэн эсэргүү асуулт,блокчэйн технологиос үүдэлтэй Криптовалютын зах зээл улам бүр тэлж байна. Оролцогчийг хязгаарлах боломжгүй ч дэд бүтцийг нь хариуцлагатай болгохоор хууль хэлэлцэгдэж байна.