/2021.11.08/ Ардчилсан намын "Онц Их Хурал" энэ сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан.
Хурлаар АН-ын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн шийдвэрлэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор тус намын дарга О.Цогтгэрэл, "Манай нам хэсэг хугацаанд дотоодын зөрчил, маргаантай байлаа. Харин "Онц их хурал"-аар дээрх асуудлуудад цэг тавилаа. Цаашид дотоодын хэрүүл маргааны талаар ярихгүй. Ардчилсан нам олон мянган хүний эрх чөлөө, үзэл санааг тээж, Монголын төрийг түшилцэж ирсэн. Тиймээс цаашид иргэнийхээ талд зогсож, Монгол Улсын хөгжлийн төлөөх, ажил хэрэгч сөрөг хүчний нам болж ажиллана" гэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр, "2024 оны сонгууль хаяанд ирлээ. Сонгуулийн маргаашнаас эхэлж улс төрийн намууд дараагийн сонгуульдаа бэлтгэдэг. МАН-ын хувьд 2020 оны долоодугаар сарын 1-нээс 2024 оны сонгуульд бэлтгээд эхэлчихсэн. АН бүтэн хоёр жилийг дотоодын маргаанаас болж алдчихсан, хоцорч явж байна. Тиймээс манайх МАН-аас 2-3 дахин илүү хурдтай, илүү их цагийг зарцуулсан улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол дараагийн сонгууль их ээдрээтэй болохоор харагдаж байна.
Монгол орныг хамарсан энэ их ажилгүйдэл, ядуурлыг залуучууд маань харж байгаа байх. Ардчилсан нам цаашид илүү ажил хэрэгч асуудалд хандана. Ингэхийн тулд өнөөгийн нийгмээ бүрэн судална. Судалгааны байгууллагуудтай хамтарч, залуучуудын хөгжил, дэвшлийн төлөө ажиллана" гэсэн юм.