Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалтын нэр хүнд эрсдэлд оров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалтын нэр хүнд эрсдэлд оров

Дэлхийн зэсийн олборлолтоор эхнээсээ хоёрдугаарт орох Перу улсын төв банкны Ерөнхийлөгч Жулио Веларде сүүлийн саруудад томоохон уурхайнуудын эргэн тойронд өрнөж буй эсэргүүцэл тэмцэлтэй холбоотой мэдэгдэл /2021.11.02/ гаргалаа. Саяхан тус улсын томоохон зэсийн уурхай Антамина-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд зогсоогоод (2021.10.31) байсан юм. Иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь тус улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын таатай бүс нутаг гэсэн дүр төрхөд эрсдэл үүсгэж байгаа ажээ. Тэрбээр “Эсэргүүцлийн үйл ажиллагааг зөвтгөх аргагүй, салбарт эмх замбараатай байдлыг эрх баригчид дахин тогтоохыг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин орон нутгийн иргэд тус уурхайн компани амласан амлалтаа биелүүлээгүй гэж үзэн гол тээвэрлэлтийн замыг хааж жагсах болсноор уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Улмаар өнгөрсөн лхагва гарагт нутгийн иргэд эсэргүүцлээ түр зогсоохоор болж зам хаахгүй байхаар тогтсон юм. Антамина уурхайн удирдлага болон орон нутгийн төлөөлөл нэгдсэн шийдэлд хүрэхээр яриа хэлэлцээр эхлүүлэхээр тохиролцсон тухай өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Уг хэлэлцээр орон нутгийн цагаар өнөөдөр эхлэхээр товлогджээ. Нутгийн иргэд уурхайн үйл ажиллагааны хүрээнд газар ашиглалтын нөхөн төлбөр өгөхийг шаардаж байгаа ажээ. Антамина уурхайн хувьд 33.75%-ийг “BHP”, 33.75%-ийг “Glencore”, 22.5%-ийг “Teck Resources”, 10%-ийг “Mitsubishi” эзэмшдэг ажээ. Энэ уурхай нь төлөвлөгөө ёсоор болбол энэ онд үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвт орох төлөвтэй байсан юм. Уурхайгаас энэ онд нийтдээ 443 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн. Оны эхний найман сарын байдлаар уурхайгаас нийтдээ 303 мянган тонн зэс олборлоод байгаа ажээ.

Мөн иймэрхүү шалтгааны улмаас ганцхан “Glencore”-ийн эрхэлдэг Антамина уурхай зогссон уу гэвэл үгүй. Antacappay болон бусад уурхай (MMG-ийн олборлолт явуулдаг Las Bambas уурхай) уг жагсаалтад багтаж байна.

Тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долдугаар сард болж Педро Кастильо сонгогдсон. Тэрбээр зэсийн салбараас илүү их татварын орлого бүрдүүлж иргэдэд хуваарилах тухай амлалт өгч гарч ирсэн.

Тэрбээр нэлээд үндсэрхэг үзэлтэйгээрээ алдартай ч, зэс олборлогчид түүний баримтлах бодлого салбарыг орвонгоор нь эргүүлчихгүй гэж итгэж байгаа юм. Үүний зэрэгцээ Олон улсын валютын сан тус улсын Засгийн газарт эрдэс баялгийн салбарын татварыг өрсөлдөх чадварыг нь бууруулахгүйгээр хэрхэн оновчтой нэмэгдүүлэх чиглэлд зөвлөхөөр болсон.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхний шаардлагад ганцхан газрын төлбөр багтаагүй. Тэд бас усны сав газар, усны эх ундарга бүхий газарт уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явуулахгүй байх шаардаж байгаа юм байна. Перугийн усны нөөцийн тухай хуулиар угаас ийм бүс нутгийг тусгай хамгаалалтад авч олзворлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг ажээ. Харин одоогийн байдлаар энэхүү хуулийг зөрчсөн үйлдлүүд цөөнгүй байгаа гэж орон нутгийн эсэргүүцэгчид шүүмжилжээ. Энэ нь цаашлаад Перучуудын эрүүл аж амьдралд ноцтой хохирол учруулж, нийтийн болон хувийн өмчид маш их эрсдэл авчирч байгааг тэд тайлбарлажээ.

Нөгөө талд зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хүрэлцээт байдал цаашид хангалттай байх эсэх нь ихээхэн эргэлзээтэй байгаа юм. Тухайлбал CRU группийн таамаглаж байгаагаар 2030 он гэхэд нийлүүлэлтийн хомсдол жилдээ 4.7 сая тоннд хүрч болзошгүй байгаа юм. Ийм байдалд хүрэхгүйн тулд зэсийн шинэ төслүүдэд мөн хугацаанд ойролцоогоор 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж CRU тооцжээ.

Зэсийн хувьд ногоон шилжилтийн нөлөөгөөр цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр эрэлт нь улам бүр өсөхөөр байгаа юм. Хэрэв цаашид шинэ эрэлтийг нөхөхүйц шинэ төслүүд ашиглалтад орохгүй бол зэсийн үнэ илүү их өсөх нь гарцаагүй болохыг шинжээчид тэмдэглэлээ. Түүнчлэн инфляц дэлхий дахинд харьцангуй өндөр байгаа нь зэсийн үнэ үргэлжлэн өсөх дохио болж байна.

Б.Төгс

Бүтээн байгуулалтын ажлууд удааширч болзошгүй
Бүтээн байгуулалтын ажлууд удааширч болзошгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.