/2021.11.08/: Согтууруулах ундаа нь тархийг гэмтээж, "архины" дементиа үүсгэдэг ажээ.
Энэ тухай Британийн Daily Express сонин "Альцгеймерийн нийгэмлэг" хэмээх буяны шинжлэх ухааны байгууллагын мэргэжилтнүүдээс иш татан бичжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар архи, согтууруулах ундаа нь тархины үйл ажиллагааг хэвийн байлгадаг В1 витаминыг биед шингээхэд саад болдог байна.
"Хэрэв өвчтөнд хөнгөн хэлбэрийн танин мэдэхүйн эмгэгийн анхны шинж тэмдэг илэрч эхлэхэд тухайн хүн түүнийг үл тоогоод байвал Вернике-Корсаковын хам шинж илэрч болно" гэж эмч нар тайлбарлав.
Архи согтууруулах ундааны нөлөөгөөр тархи нь ноцтой гэмтсэн тохиолдолд өвчтөн ой санамжаа алдах болно гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Өвчтөн санах ойныхоо цоорхойг бодит биш хий зүйлээр дүүргэх нөхцөл тулгардаг байна. Залуу хүмүүс ч энэ өвчинд нэрвэгдэж болно.
Өөр нэг үр дагавар нь шинэ мэдээллийг хүлээн авах, шинэ ур чадвар эзэмших чадваргүй болох гэж тус материалд заасан байна. Согтууруулах ундааны дементиа нь анхаарлаа төвлөрүүлж, шийдвэр гаргахад асуудал үүсгэдэг гэнэ.
Эмч нар В1 витаминаар баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Тэдгээрийн дотор загас, шош, сэвэг зарам, ногоон вандуй, наранцэцгийн үр В1 витаминаар баялаг байдаг ажээ.
Эх сурвалж: ria.ru