Такси үйлчилгээ манай улсад хөгжиж байна. Ноён такси, Ub Cab гээд олон төрлийн үйлчилгээ байдаг ч нийслэлийн 1,5 сая иргэнд хүрэлцэхгүй, хувиараа такси үйлчилгээнд явж орлого олдог хүмүүс их бий. Тэд үүнийгээ "халтуур хийх" гэж нэрлэдэг билээ.
Бид энэ удаад ээлжийн ажил хийдэг, амралтын өдрөөрөө таксинд явж нэмэлт орлого олдог иргэний туршлагыг тодруулсан юм.
Өдөрт олдог орлого: 50-80 мянган төгрөг
Такси үйлчилгээнд явсан хугацаа: 3 жил
Хүн их байдаг байршил: 10 дугаар хороолол, орон сууцны хорооллын эргэн тойрон, хүүхдийн 100
Орлого олох оргил цаг: Автобус яваагүй үе, улс нийтийн баярын өдрүүд
Тэрээр өдөр бүр олсон орлогоо тэмдэглэдэг бөгөөд сард 700-900 мянган төгрөг нэмэлтээр олдог. Есдүгээр сард 759 мянга, аравдугаар сард 724 мянган төгрөг олсон байна.
Машин нь цэвэрхэн байдаг нь үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авдаг гэв. Мөн хэзээ ч үйлчлүүлэгч авсан үедээ замаасаа өөр хүн авдаггүй талаараа хэллээ. Сүүлийн үед интернет, мобайл банк ашиглах иргэдийн тоо олширсон нь хаа нэгтээ төлбөрөөө авч чадахгүй, "чадуулдаг" гэнэ.
Нэг өдөрт хамгийн ихдээ 129 мянган төгрөг олж байжээ. Хамгийн сонирхолтой үйлчлүүлэгчийг нь асуухад машинд нь дүүрэн сарнай цэцэг хийгээд тогтсон газар хүргүүлж байсан гэв.
Өндөр хөгжилтэй улс оронд хувийн машинаараа такси үйлчилгээнд явахыг хориглодог. Харин манай улсад хувийн машинаараа, чөлөөт цагаараа тогтмол орлого олдог бүхэл хэсэг хүн байгаагийн нэг төлөөлөл байлаа.
Морин аялалаар явсан туршлага унших бол ЭНД дарна уу.