/2021.11.05/ Ардчилсан намын "Онц Их Хурал" өнөөдөр болж байна.
Хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн шийдвэрлэх юм.
АН-ын Их хурлын төлөөлөгч Э.Бат-Үүл хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ.
Тэрбээр, "Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй байгаа. М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх гинжин урвал явж байгаа, цаашид ч үргэлжилнэ. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ.
Бид өнгөрсөн хугацаанд МАН-д нэг ч ялагдаагүй, зөвхөн хагарсан үедээ л ялагдаж байсан. Одоо нэгдэж чадвал дахин 30 жил ялна.
Манай нам нэгдэхдээ ямар хэцүү зам туулдагийг би мэдэх учраас дотоод асуудлаас гадна тогтолцооны асуудал болчихлоо. Ардчилсан нам сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. Ардчилсан намыг дарга биш манлайлагч удирдаж авч явна" хэмээлээ.