-ХЭҮК-оос Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүллээ-
Ковид-19 цар тахал дэлхий дахинд тархаж эхэлсэн цагаас олон улсын байгууллагууд хүний эрхийн зөрчил гаргахгүй ажиллахыг Засгийн газруудад зэрэг уриалж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газрын хувьд хүүхдүүдийн сурах эрхийг орхигдуулсан, ялгаварлан гадуурхалтыг дэвэргэсэн, гадаадаас иргэдээ оруулахгүйгээр хилээ удаан хугацаанд хааж эрх ашгийг нь хохироосон, тэгш бус стандартыг хэрэгжүүлсэн гээд тоочвол чамгүй их зөрчлүүдийг гаргасаар байна.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Шадар сайд С.Амарсайханд “Тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоож байгаа хэлбэр мөн бөгөөд УОК-ийн хилийн гаднаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглаж байсан 6 удаагийн хэм хэмжээний акт хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй тул хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэнд учирсан хохирлыг нөхөн төлөх албан шаардлага”-ыг хүргүүлжээ.
Улсын онцгой комиссоос гадаадаас ирж буй иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч тусгаарлах байранд болон гэрт нь тусгаарлан ажиглах дараах хугацааг тогтоон ажиллаж ирсэн юм.
1. 2020.03.14 /анхны тохиолдол/-ны өдрөөс 14+14=28 хоног
2. 2020.03.26 /тохиолдол 11/-ны өдөр 21+14=35 хоног
3. 2020.04.09 /тохиолдол 16/-ний өдөр 21+14=35 хоног
4. 2020.09.14 /тохиолдол 311/-ний өдөр 21+0=21 хоног
5. 2020.12.09 /тохиолдол 893/-ний өдөр 14+7=21 хоног
6. 2021.02.25 /тохиолдол 2,801/-ний өдөр 10+4=14 хоног
7. 2021.05.07 /тохиолдол 43,201/-ний өдөр 7+7=14 хоног
8. 2021.06.24 /тохиолдол 102,629/-ний өдөр 7 хоног
Дээрх хугацаанд нийт 24025 иргэнийг тусгаарлан ажигласан байдаг. Харин УОК-ын даргын 61 дүгээр тушаалаар “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна.
Хуулийн Fidelitas Partners фирм “Хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөр”-т “Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: Хуулийн Fidelitas Partners фирм