Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.11) хуралдаан 12 цаг 09 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана” хэмээн заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар дүгнэлт гаргахаар зохицуулагдсан.
Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг эцэслэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн тогтоол баталж, дүнг өнөөдөр үдээс өмнө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Байнгын хорооны хуралдаанд илтгэл тавьсан юм.
Эх сурвалж: Парлиамент.мн