/2021.10.15/: НҮБ болон БНХАУ-ын Засгийн газар хамтран Бээжин хотноо 2021 оны аравдугаар сарын 14-15-нд зохион байгуулж буй Дэлхийн тогтвортой тээврийн II бага хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар цахимаар оролцож байна.
Бага хурлын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, НҮБ-ын Нарийн бичгийн дарга Антонио Гуттереш зэрэг олон орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч болон сайд нар оролцлоо.
Энэхүү бага хурал нь дэлхий даяар тогтвортой тээврийн хөгжлийг хангах замаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тээврийн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд дэлхий дахинаа тулгарч буй саад бэрхшээл, сорилтуудыг хэрхэн cөрөх, нэн ялангуяа цар тахлын дэгдэлтийн өнөө үед тээврийн найдвартай зохион байгуулах, даван туулахад нөөц хүчээ дайчлах, дэлхийн нийтийн хамтын нөхөрлөл, түншлэлийг бэхжүүлэх замаар хамтдаа урагшлах, хөгжлийн хурдыг хадгалж ажиллахад инноваци, технологийн дэвшлийг ашиглах зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй олон асуудлаар хэлэлцэх юм. Мөн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой ба тогтвортой тээврийн цаашдын чиг хандлагыг бий болгох зорилготой юм.
Сайд Л.Халтар өнөөдөр болсон Сайд нарын болон төлөөлөгчдийн тэргүүн нарын нэгдсэн хуралдаан оролцож үг хэллээ. Тэрбээр ОХУ, БНХАУ-ын хооронд оршдог, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улс Ази-Европыг холбосон хамгийн дөт замналд орших тээвэрлэлтийн орон зай гэдгийг дурдаад Ази, Европын орнуудыг холбосон тээврийн холбоосыг хөгжүүлэх болон бүс нутгийн хэмжээнд тээврийг хөнгөвчлөх хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож, бүс нутгийн төдийгүй, дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмэр, үүрэг оролцоогоо нэмэгдүүлж улам идэвхтэй ажиллан Ази, Еропыг холбосон “Транзит Монгол Улс” болох зорилт тавин ажиллаж байгаа талаар онцоллоо.
Мөн Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэр, логистикийн төвүүдийг шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд ажиллаж байгаа талаар үгэндээ дурдав.
Бага хурал маргааш өндөрлөнө.
Эх сурвалж: ЗТХЯ