/2021.10.15/ Дэлхийн Шатрын Холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ял эдлэгсдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг 10 сарын 13-14 эдгээр өдрүүдэд бүсчлэн зохион байгуулж байна.
Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украйн зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 9 хорих ял эдлэгсэд оролцож байна.
Өчигдрийн байдлаар, МУ-ын баг Филиппин, Австрали, Армени, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж маргааш АВАРГЫН төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо.
Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг МУГТ, Их мастeр, МШХ-ны УЗ-ийн гишүүн Дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж, багаа амжилттай оролцуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн ШШГБ-ын нийт хамт олонд бүх талаар дэмжин хариуцлагатай оролцож байгаад Монголын Шатрын Холбооны зүгээс гүн талархал илэрхийлье!
Дэлхийн Шатрын Холбоо нь цар тахлын үед хамгийн олон төрлийн тэмцээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үүний нэг нь энэхүү тэмцээн билээ. Хэдийгээр гэмт үйлдэл хийсэн ч гагцхүү шатрын спортоор дамжуулан тив дэлхийд эх орноо сурталчилж буй тамирчдадаа баяр хүргэхийн ялдамд олон зууны түүхтэй шатрын спорт хүнд ийнхүү боломж олгож буй мөчийг харахад бид баяртай байна.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо