Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тѳв банкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Жил бүрийн намар Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Инфляцын түвшин 8.9%-д хүрч Тѳв банкны 6+/-2% интервалтай зорилтыг даваад байгаа энэ үед мѳнгѳний бодлогын зорилтоо хэрхэн тодорхойлсон нь анхаарал татаж байна?
-Ирэх оны бодлого маань үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байгаа.
Инфляцын хувьд Тѳв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мѳнгѳний зѳѳлѳн бодлогоор дэмжих орон зайг олгож буйг онцлох нь зүйтэй.
Тухайлбал, цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хѳшүүрэг болж байна. Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго маань хэвээр үргэлжилнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг эдийн засгийн идэвхжлээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа.
-2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор банкны системд реформын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж байна. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлд гарч, олон нийтэд хувьцаагаа санал болгох тун дөхжээ. Монголбанк 2022 онд банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Энэ чиглэлд гурван үндсэн зорилтыг дэвшүүлээд байна.
1. Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Монголбанк Ковид-19 цар тахлаас үүдэн 2020 онд эдийн засаг болон санхүүгийн мөчлөгийн огцом уналт бий болж, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан иргэд, аж ахуй нэгжүүдийг хамгаалах, банкны секторын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн.
Тухайлбал, төлбөрийн хүндрэлд орсон 146,704 зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2,249 ААН-ийн 2.6 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 59,926 өрхийн 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна (2021 оны зургадугаар сарын байдлаар). Өөрөөр хэлбэл, банкны системээс гаргасан нийт зээлийн 27.2 хувьд бүтцийн өөрчлөлт хийжээ. Цаашид цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдүүлж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг 2021 оны зургадугаар сард баталсны дагуу банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, актив хөрөнгийг ангилахтай холбоотой шаардлагуудыг шат дараатайгаар хэвийн горимд шилжүүлэх болно. Ингэхдээ эдийн засгийн сэргэлттэй уялдуулан шат дараатай арга хэмжээ авах юм.
2. Банкны IPO нь 2022 оны эдийн засаг, санхүүгийн зах зээлд нѳлѳѳлѳх томоохон үйл явдал байна. Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани, бусад банкийг хувьцаат компани хэлбэртэй байх зохицуулалт орсон. Иймд хувьцаат компани хэлбэртэй банкны хяналт шалгалт болон зохицуулалтыг хэрэгжүүлж, системийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ хѳрѳнгѳ оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх нь ирэх оны нэг том зорилт, ажил болоод байна.
3. Монголбанк банкны салбарын эрх зүйн орчин, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох ажлаа тасралтгүй үргэлжлүүлж, хууль тогтоогч байгууллагатай хамтран ажиллана.
-Технологийн хөгжилтэй зэрэгцээд дотоодод финтек компаниудын тоо нэмэгдэж, олон төрлийн төлбөрийн үйлчилгээг санал болгож байна. Монголбанк төлбөр тооцооны энэхүү хөгжлийг хэрхэн хүлээн авч байна вэ, криптовалют койнууд дээр ямар байр суурьтай байна вэ?
-Монголбанк санхүүгийн зах зээлийг хѳгжүүлэх зорилгын хүрээнд шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих бодлого баримталж байгаа. Ингэхдээ Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудын зохицуулагч байгууллагуудын бодлого шийдвэр, зохицуулалтын орчин, дотоод зохион байгуулалт нь хурдацтай даган шинэчлэгдэж буй.
Тиймээс шаардлагатай зохицуулалтын орчныг тухай бүр шинэчилж, төлбөрийн системд тавих хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн төгрөгт итгэх итгэл, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй.
Харин сүүлийн үед зах зээлд гараад буй криптовалют, койнууд нь үүнээс өөр буюу албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш бөгөөд иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа. Монголбанк ажлын хэсэг байгуулан дижитал мѳнгѳ, цахим мѳнгѳний талаар томоохон хэмжээний судалгаа хийж буй.
-2020 оны аравдугаар сард ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг 6% хүргэж бууруулсан. Цаашид Монголбанк орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү. Цар тахлын хүнд үед Засгийн газартай хэрхэн уялдаж ажиллах вэ?
-Энэхүү хөтөлбөрийг анх хэрэгжиж эхэлснээс хойш 95 мянга гаруй хүн хамрагдаж орон сууцтай болсон байна. Хүүг бууруулж 6% болгосноос хойш л гэхэд 6,288 өрхөд 457.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Ипотекийн хөнгөлттэй зээлийн хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг бидэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой.
Гэхдээ хөнгөлөлттэй санхүүжилт учир Төв банкны мөнгөний бодлогын зорилттой нийцдэггүй. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар Монголбанк ипотекийн зээлиййн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр төлөвлөж байна.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хугацаанд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр зээлийг шийдвэрлэнэ гэсэн үг. Нийгмийн олон талын ач холбогдолтой хөтөлбөр учир тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж төв банк үзэж буй юм. Урт хугацаандаа олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал.
Мөн ирэх жил ₮10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гарч буй ажлын байр, хөдөө аж ахуйг дэмжих, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллана.
- Цар тахлын үеийн эдийн засгийн сорилтуудаас гадна Монгол Улсад урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг энэ удаагийн тѳсѳлд тусгасан байна. Тэгш бус байдал, байгаль орчны асуудлууд нь одоо л анхаарлаа хандуулахгүй бол ирээдүйд эдийн засагт, санхүүгийн системд эрсдэл учруулах зүйлс мѳн үү?
-Дэлхий нийтээрээ л уур амьсгалын ѳѳрчлѳлт, эдийн засгийн тэгш бус байдлын сѳрѳг нѳлѳѳллийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын хувьд ч ялангуяа, цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү ѳртѳж, эдийн засгийн ѳсѳлтийн хүртээмжтэй байдлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.
Төв банк эдийн засгийн бодлогын гол институцийн хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлын талаас ч тэр, санхүүгийн салбарын тогтвортой байдал болон хѳгжил, санхүүгийн хүртээмж болон гүнзгийрэлт, засаглалын чанараар дамжуулан хүртээмжтэй өсөлтийг бий болгох хѳрсийг бүрдүүлэхэд анхаарна. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд зѳвхѳн мал аж ахуй, газар тариалан гэлтгүй эдийн засгийн бүхий л салбарт нѳлѳѳлж, улмаар санхүүгийн секторт тусгалаа олох эрсдэл юм. Иймд хүрээлэн буй орчин доройтох нь эдийн засгийг улам л эмзэг болгох тул зайлшгүй анхаарал хандуулах сэдэв юм. Эдгээр асуудалд зохицуулагч байгууллагууд хамтран дорвитой шийдэл, гарах гарц, гаргалгааг бий болгох нь нэн чухал байна.
Эх сурвалж: Монголбанк