/2021.10.11/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхагласан.
Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллээр
- 0-18 насны 607.465,
- 0-4 насны 185.682,
- 5-9 насны 189.856,
- 10-14 насны 146.724,
- 15-18 насны 85.203 охин байна.
- Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 330 бөжин аврал эрэн төв талбайд жагслаа -
Энэ удаа МЭХ бага насны охидын эсрэг үйлдэгддэг бэлгийн болон бусад хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад ээжүүд, эмэгтэйчүүд төдийгүй аавууд, эрэгтэйчүүд, охид хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашид охид эмэгтэйчүүдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, нийгмийг соён гэгээрүүлэх, олон нийтийг уриалах зорилгоор Сүхбаатарын талбайд зөвхөн 2020 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоогоор буюу 330 бөжин туулайгаар төлөөлүүлэн БӨЖИНГИЙН СУУЛТ-ыг зохион байгуулллаа.
- 2017-2021 онд бүртгэгдсэн 1361 ХҮЧИН-ийн гэмт хэргийн 992 нь өөрийн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.
- 1361 бүртгэгдсэн хэргийн хохирогчдоос 47 нь эрэгтэй хүүхэд, 1232 нь ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД байжээ.
- Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 0-7 хүртэлх насны 96, 8-13 насны 431, 14-17 насны 843 хохирогч байна.
- 1316 холбогдогчийн 167 нь төрсөн эцэг, төрсөн ах, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн гэх мэт хамгийн ойрын хүн нь байна.
- 2017-2020 онд 0-13 насны 527 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болоод байна...
Охид эмэгтэйчүүд алхам тутамдаа гудамжинд явж байхдаа ч хүчирхийлэл, нийгмийн ялгаварлан гадуурхалтад өртсөөр байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй хүчирхийлэл үйлдсэн этгээд гэм зэмгүй өнгөрдөг байдал, түүний улмаас үүсч бий болсон айдас түгшүүр нь бүх охид эмэгтэйчүүд, нийгэмд сөргөөр нөлөөлж байна.
Дэлхийн хэмжээнд 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа туршид бэлгийн хамтрагчийнхаа үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд, 5 эмэгтэй тутмын 1 нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн статистик тоо мэдээлэл байна.
Мөн МЭХ Монгол Улсын Ерөнхийлөгчид Эрүүгийн хуулийн 12-р бүлэг дэх “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн зүйл ангиудад өөрчлөлт оруулах 5 саналыг УИХ-аар хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх, анхаарлдаа авахыг хүсэн албан бичиг, бөжингийн хамт хүргүүлсэн.