/2021.09.27/ Ардчилсан нам эв нэгдлийн их хурлаа зарлалаа.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл, "Аливаа бүхэн өөрийн гэсэн цагтай, тийм учраас АН-ын одоогийн уналт, доройтол, ялагдалд цэг тавьж, эргэлт сэргэлтийн цэгийг бий болгохоор АН-ын үе, үеийн төлөөлөл цуглан энэхүү мэдэгдлийг хийж байна. АН-ын хувьд бид амаргүй цаг үеийг тууллаа. АН нь хэн нэгний байгуулсан нам биш, АН бол Монголчуудын эрх чөлөөний төлөөх хүсэл, зоригоос төрсөн нам юм. Тийм учраас АН заавал эргэн сэргэх ёстой" гэв.
Мөн тэрбээр, "Нөгөө талаас одоо эрх барьж буй хүчны явуулж буй бодлого нэг намын засаглалыг бүрдүүлэн, олон жижиг тоглоомын намуудтай байх бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улс хүчирхэг хоёр улсын дунд оршдог, ийм нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөнд парламентын засаглал салшгүй холбоотой. Олон намын тогтолцоо, хоёр хүчирхэг нам дээр тулгуурладаг олон улсын жишиг байдаг. АН-ын дотоод асуудал бол Монгол төрийн Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой асуудал. Ийм учраас бид ойлголцож зөвшилцөөд энэ оны арваннэгдүгээр сарын 5 буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэн Их Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр, “ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ” -аа зарлан хуралдуулахаар гэж шийдлээ" гэлээ.