Сургууль, цэцэрлэгээс илүү ахуйн хүрээнд  “Ковид-19” халдварлаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургууль, цэцэрлэгээс илүү ахуйн хүрээнд  “Ковид-19” халдварлаж байна

/2021.09.27/: Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөнүүд байгаа юм.

Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тодотгон өгүүлэв.

Нэг хороонд коронавирусийн 300-аас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж буй аж. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна.

Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа юм байна.

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна.

Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна. Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авчээ. Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад “Ковид-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүдэд нөхцөл байдал ямар байгааг сонслоо. Багануур дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар буурахгүй, нөхцөл байдал хүнд, эмнэлгийн ажилтнууд болон төрийн албан хаагчдын дунд халдвар гарч байгааг дүүргийн Засаг дарга хэлж байлаа. Бусад дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар бүртгэгдэж байгаа ч хүндрэл, сандрал гараагүйг Засаг дарга нар онцолж байв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цар тахлын нөхцөл байдал сайнгүй ийм нөхцөлд дүүргийн эмнэлгүүд өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтран нэг зорилгын төлөө зүтгэх ёстойг, элдэв зөрчил маргаан байдаг бол ойлголцон ажиллах учиртайг санууллаа.

Нийслэлийн хэмжээнд бүхий л боломж бололцоог ашиглан эхний ээлжид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 120 ор, цаашид нийслэлийн хэмжээнд 800 ор дэлгэхээр бэлтгэл ажлыг хийж буй юм. Ор дэлгэх ажил нь зохион байгуулалтаас гадна санхүүжилт шийдэгдээгүй, эрүүл мэндийн даатгалын асуудлыг зохицуулаагүйн улмаас хүндрэл учирч буйг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис онцгойлон өгүүлсэн.

Эх сурвалж: НЗДТГ

НҮБ-ын Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт боллоо
НҮБ-ын Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.