/2021.09.27/ Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр буюу энэ сарын 23-24-ний өдөр Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт боллоо.
Тус уузалтаар дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, хүнсний тогтолцоог сайжруулах, Ковид-19 цар тахлын үеийн хүнсний хямралыг даван туулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн холбогдох зорилтуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангах, улс орнуудын амлалтыг ахиулахад түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болжээ.
Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан оролцлоо. Тэрээр Монгол Улсын хүн амын хүнсний тогтолцоо, түүний онцлог, сорилт бэрхшээлийн талаар дурдаж, цар тахлын хүнд цаг үед хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-т “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг тусгасан тул энэ чиглэлд хүнсний тогтолцоогоо шинэчлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах, одоогийн нөхцөл байдалд тохирсон олон улсын туршлагад суурилсан оновчтой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр зорьж байна гэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ