/2021.09.16/ Монголын боксын холбооны удирдах зөвлөл МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг авч хэлэлцэн шийдвэрээ гаргасан.
Уг шийдвэрээр Э.Цэндбаатарын жинд өрсөлдөхөөр болсон тамирчин О.Тулгатай түүнийг тулааны талбар дээр халз өрсөлдүүлж ялсан тамирчинг ДАШТ-нд явуулахаар болсон юм.
Энэ талаар Боксын холбооноос мэдээлэл өглөө.
Монголын боксын холбооны удирдах зөвлөлөөс, "Монголын залуучуудын холбоо болон МУГТ Э.Цэндбаатар нар боксын холбоонд хүсэлт гаргасан. Үүнээс иргэд олон нийтээс Э.Цэндбаатарыг ДАШТ-д оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2 мянга гаруй гарын үсэг цуглуулсан.
Тиймээс Э.Цэндбаатар, О.Тулга нарыг тулалдуулахаар болсон. Ямартай ч тэмцээн явуулна. Энэ шийдвэрийг гаргахад хүнд байлаа.
ОУ-ын боксын холбооны зарчмаар тэмцээнийг шүүнэ. Тэмцээнд 3 минут, 3 үетэй, 5 шүүгчтэй байна. Мөн тамирчин эмчийн үзлэгт орсон байх ёстой.
Тэмцээнийг аравдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.
Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын баазад тулааныг хийнэ. Өрсөлдөгчийн хувьд одоогоор ОХУ-д тэмцээнтэй явж байна. Тэмцээнийг шууд дамжуулна. Цар тахлын улмаас үзэгчгүй болно" гэлээ.