/2023.04.21/: Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, томилсон.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол хүний үхлийн шалтгаанд элэг, ходоодны хорт хавдар зонхилж байна. Элэг бүтэн Монгол зэрэг зогсоод буй хөтөлбөрүүдэд Эрүүл мэндийн яам анхаарах ёстой. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нийтийн эрүүл мэндийн төлөө зарцуулагдах ёстой тул Үндэсний зөвлөлийн гишүүд хөндлөнгийн хяналт тавих чиг үүргээ сайтар хангах шаардлагатай байна” гэв.
Мөн өнгөрсөн хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт муу байгаагаас үүдэлтэйгээр аливаа сангуудад хулгай нүүрлээд зогсохгүй өсч үржин арвижиж, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагдах ёстой мөнгө банканд хууль бусаар байршдаг, өсгөн үржүүлдэггүй байдал илэрсэн зэргийг ард иргэд жигшин, зэвүүцэж байгааг УИХ-ын дарга анхааруулсан юм. Иймд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл гэдэг бол жирийн иргэд, ажилтан, албан хаагчдийн төлж байгаа шимтгэл хураамжаас бүрддэг тул нийгмийн эрүүл мэндийн төлөө энэ мөнгө зөв зүйтэй зарцуулагдаж байгаад хяналт тавих чиг үүргээ сайтар хэрэгжүүлж, онцгой анхаарч ажиллахыг хүсье гэлээ.