Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

/2023.04.20/: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин өчигдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Соёлын сайд Ч.Номин манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байгааг тэмдэглэв.

Тэрбээр, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг бодлогын баримт бичгүүдэд заасан зорилт, практик шаардлагад нийцүүлж боловсруулсан. Хуулийн төсөлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан гэлээ.

Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ. Түүнчлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх болно гэж үзжээ.

Эх сурвалж: УИХ

С.Жавхланбаатар: Нэг хүн, нэг компанийн шийдвэрээр нийтийн тээврийн чиглэл өөрчлөх, автобусны гаралтыг нэмэх боломжгүй
С.Жавхланбаатар: Нэг хүн, нэг компанийн шийдвэрээр нийтийн тээврийн чиглэл өөрчлөх, автобусны гаралтыг нэмэх боломжгүй
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.