/2023.4.13/ Өнгөрөгч 2022 оны эхээр Монгол Улсын хэмжээнд шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж нийт 98 суманд бүртгэгдээд байв.
Энэ үед Дэлхийн банкны санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зөвхөн үхэр болон сарлагийн сүргийг дархлаажуулах үйл ажиллагааг явуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Мал эмнэлгийн ерөнхий газарт дэмжлэг үзүүлэн ажилласан.
2022 оны 4-р сард эхний үхэр сүргийн вакцинжуулалт хийгдсэнээс хойш гурван сарын дараа улсын хэмжээнд судалгаа хийхэд нийт сумдын 96%-д нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагдсан байна.
Шүлхийн вакцин нь 6 сарын хугацаанд л халдвараас хамгаалдаг тул 2022 оны арваннэгдүгээр сард хоёр дахь вакцинжуулалт хийгджээ. Үхэр сүргийг вакцинжуулж эхэлснээс хойш шүлхийн дэгдэлтийн тоо огцом буурч нийт 10-аас дээшгүй тохиолдол бүртгэгдсэн байна.
Вакцинжуулалтыг дахин хийх шаардлагатай тул МАА-н ЭЗЭН төслөөс 2023 онд хэрэглэх 6.5 сая тун вакциныг нийлүүлж, ХХААХҮЯ-д өнөөдөр хүлээлгэн өгч байна. Мал сүргийг вакцинжуулах энэхүү ажлын хүлээгдэж буй үр дүн нь “Шүлхийтэй тэмцэх урт хугацааны стратеги” (2022-2028)-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх явдал юм.