Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна

/2023.04.11/: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн дагуу СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Өдгөө нийслэлд буй 400 мянган өрхийн тал хувь нь нийтийн орон сууцанд амьдарч байна.

Эдгээр барилгын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, аюулгүй байдал, дундын өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлыг тухайн орон сууцны СӨХ хариуцан ажилладаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын ашиглалт, үйлчилгээг нийт 1437 сууц өмчлөгчдийн холбоо, 124 мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж байна.

СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудал цөөнгүй гардаг. Тухайлбал, нийт СӨХ-ны дөнгөж 307 нь орчны газраа ашиглах тухай гэрээ байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон СӨХ орчноо иргэддээ зориулан тохижуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах дээр учир дутагдалтай ажилладаг. Мөн барилгын компаниуд орон сууц барьж ашиглалтад оруулчихаад СӨХ-гоо иргэдэд шилжүүлдэггүй тохиолдол цөөнгүй. Нөгөө талаас оршин суугчид СӨХ-ны төлбөрөө олон сараар төлдөггүй зэрэг асуудал ч бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

Нийслэлийн зүгээс СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлд зохицуулалт хийх үүрэгтэй.

Эдгээр нөхцөл байдалд үндэслэн чиг үүргийн хүрээнд 2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ. Хуулийн төсөлд иргэд, СӨХ болон бусад талын саналыг хүлээн авч тусгах нь маш чухал. Тиймээс бид www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал хүлээн авах ажлыг зохион байгуулна. Иргэд, СӨХ болон холбогдох талууд хуулийн төсөлд саналаа идэвхтэй ирүүлэхийг хүсэж байна" гэлээ.

Уг хуулийг шинэчилснээр:

  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах,
  • Хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах,
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах,
  • Оршин суугч, иргэд, СӨХ-ны харилцан уялдааг хангах,
  • СӨХ-дын эрх зүйн байдлыг тодорхой, ойлгомжтой болгох, тэдгээрт хуулийн этгээдийн эрх олгож, хууль, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн харилцаанд оршин суугчдынхаа эрх ашгийн хамгаалан оролцох боломжийг бүрдүүлэх,
  • Нийслэл, дүүргийн удирдлагаас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ.

Эх сурвалж: НЗДТГ

ТӨСӨЛ: Өвдөгнөөсөө дээш богино юбкатай байх, үсээ будах зэргийг хуульчилна
ТӨСӨЛ: Өвдөгнөөсөө дээш богино юбкатай байх, үсээ будах зэргийг хуульчилна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.