/2023.4.11/ УИХ-аас долоо хоног бүр мэдээлэл хүргэж байна. Энэ удаад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар мэдээлэл өглөө.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж, Н.Энхболд, Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан, Б.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр боловсруулжээ. Хуулийг боловсруулахдаа Япон, Герман, Канад улсуудын төрийн албаны ёс зүйн кодуудыг судалсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Хуулийн төсөл дөрөвдүгээр сардаа багтаж батлагдах ажээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Бөхийж уучлалт хүсэж байгаа төрийн албан хаагчийг та бүхэн харсан уу? Төрийн өндөр албан тушаалтнуудаасаа үүдээд олон янзын хэл аманд орж буй албан тушаалтан олон бий. Ёс зүйтэй холбоотой асуудал хариуцлага хүлээхгүй орхигдож байна. "Зээлээ ингэж төлнө" гээд олон нийтийн өмнө гараад хэлчих нэг ч хүн харагдахгүй байна. Алдаа зөрчлөө ухамсарлан хүлээж байгаа нэг ч хүн алга.
Нийтийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг төрийн өндөр албан тушаалд томилохыг, төрөөс зээлд хамрагдахыг, тендэрт оролцохыг хязгаарлана. Энэ бүхэн ёс зүйтэй холбоотой. Төрийн өндөр албан тушаалыг ургийн холбоо болгохыг болиулна.
Өвдөгнөөсөө дээш богино юбкатай гүйж, үс гэзгээ ургуулж элдэв өнгөөр будчихаад, хумс хуруугаа гоолж будчихаад төрийн үйлчилгээг үзүүлээд байж болохгүй. Энэ бүх хэм хэмжээг энэ хуулиар зохицуулна гэлээ.