/2021.09.02/: Дэлхийн газрын тосны зах зээлийн жишиг болох Брент төрлийн тосны үнэ 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр 71.14 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна.
ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хурал зохион байгуулж ирэх саруудын газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Бүлгийн гишүүд 2021 оны аравдугаар сард энэ оны долдугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ өөрчилсөнгүй.
Газрын тосны олборлолтыг аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэвээр үлдээх шийдвэрт энэ оны наймдугаар сарын тайлан нөлөөлсөн байна. Тодруулбал, тайлант хугацаанд түүхий газрын тосны үнэ 70 ам.доллар/баррелиас дээш байсан, улс орнуудад эдийн засгийн сэргэлт ажиглагдаж, АНУ-ын занарын тосны үйлдвэрлэл удааширсантай тус тус холбоотой юм.
ОПЕК-ийн шийдвэрийн дараа Брентийн үнэ тэр даруй бараг 3%, WTI төрлийн газрын тосны үнэ 1%-иар буурсан байна.
Энэхүү цахим хурлаар 11 дүгээр сарын олборлолт, нийлүүлэлтийг хэлэлцээгүй учраас дараагийн уулзалтыг аравдугаар сарын 4-ны өдөр товлосон байна.
Эрчим хүчний зах зээлд худалдаа эрхэлдэг байгууллагууд газрын тосны үнийн төлөвөө шинэчиллээ. JP Morgan 2021 оны дөрөвдүгээр улиралд Брент түүхий тосны үнэ 74 ам.доллар/баррель хүрч, газрын тосны чиг хандлага Хятад улсын эдийн засгийн хэрэглээ болон бодлогоос шууд хамаарна гэв.
Харин Goldman Sachs 2021 оны дөрөвдүгээр улиралд 80 ам.доллар/баррель хүрнэ гэсэн таамгаа хэвээр үлдээлээ.
Эх сурвалж: УУХҮЯ