/2021.09.02/ Монголын банкны холбооноос банкны салбарын хоёрдугаар улирлын тайланг танилцуулах үеэр цар тахлын улмаас иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн талаар мэдээллээ.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Г.Амар, "Өнгөрсөн хугацаанд эдийн засгийг дэмжиж буй ганц эх үүсвэр нь банкны зээл байлаа гэж харж байна. Гэхдээ энэ байдал цаашиид удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна.
Цар тахлын улмаас иргэдийн орлого буурснаас чанаргүй зээлийн хувь хэмжээ буурахгүй байгаа. Чанаргүй зээлийн хэмжээгээр банк өөрийн хөрөнгөө бууруулах нөхцөл байдал үүсдэг. Ингэснээр цаашид шинээр зээл олгох боломжийг хязгаарладаг" гэв.
ААН, иргэдийн банканд итгэх итгэл хэвээр байна. Үүний нэг жишээ нь төгрөгийн хадгаламж өнгөрсөн хугацаанд 36 хувиар өссөн. Системд нөлөө бүхий том таван банкны эх үүсвэр өсөлттэй гарсан.
Мөн тэрбээр, "Цаашид эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд чанаргүй зээлийг шийдвэрлэх тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.
Сайн мэдээ гэвэл жигнэсэн дундаж хүүгийн хувь Засгийн газрын тавьсан зорилтын түвшинд ойртсон. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг оруулж тооцвол зээлийн хүү сарын нэг хувь руу орж ирсэн. Цаашид энэ хэвээр нь авч үлдэхэд макро эдийн засгийн тогтвортой орчин, мөн хууль эрх зүйн орчныг авч явах шаардлагатай" гэлээ.