/2023.03.22/: Хүчтэй элсэн шуурга Бээжин болон Хятадын хойд нутгийн хэд хэдэн мужийг дайран өнгөрч байгаа бөгөөд бүс нутгийг улбар шар тоосоор бүрхэж, агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн гэж мужийн цаг уурын албаныхан өнөөдөр мэдэгдлээ.
Хятадын нийслэлийг өтгөн тоос бүрхэж, агаарын чанарын индекс PM10 буюу 10 микрометрээс бага диаметртэй, хамараар нэвтэрч, уушгинд хүрдэг бохирдлын тоосонцор нь хяналтын графикаас давсан байна гэж Бээжингийн Экологийн орчны хяналтын төвөөс мэдээллээ.
Бээжингийн цаг уурын албаныхан хүмүүсийг биеийн тамирын дасгал болон бусад үйл ажиллагаа явуулахаар гадаа гарахгүй байхыг анхааруулж, үзэгдэх орчин муу байгаа тул жолооч нарыг сонор сэрэмжтэй байж, хурдаа тааруулахыг уриалав.
PM10 тоосонцрын агууламж орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн байдлаар нэг куб метрт 1667 микрограмм хүрсэн тухай Бээжингийн хяналтын төв мэдээлсэн бөгөөд "энэ жилийн хамгийн хүчтэй элсэн шуурга" гэж нэрлэжээ.
Энэ үзүүлэлт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон нэг шоо метр тутамд 45 микрограмм байх өдрийн дундаж хэмжээнээс 37 дахин их байгаа юм.
Бээжин хот хаврын улиралд элсэн шуурганд байнга өртдөг бөгөөд Хятадын хойд хэсэгт аж үйлдвэр нэмэгдэж, ой модыг устгаснаар цөлжилт улам бүр нэмэгдэж байна.
Хятадын Цаг уурын газраас мэдээлснээр, өнөөдрөөс эхлэн маргаашийг дуустал Шааньси, Шаньси, Хэбэй, Хармөрөн, Жилин, Ляонин, Шаньдун, Хэнань, Жянсу, Анхуй, Хубэй зэрэг 10 орчим мужид шар өнгийн анхааруулга өгсөн байна.
Хятад улс дөрвөн шатлалт цаг агаарын сэрэмжлүүлгийн системийг ашигладаг бөгөөд улаан нь хамгийн хүнд анхааруулгыг илэрхийлдэг бол улбар шар, шар, цэнхэр өнгөтэй байна.
Одоогийн элсэн шуурга өнгөрсөн мягмар гаригт Монголоос үүссэн бөгөөд аажмаар Хятадын төв болон зүүн хэсэг рүү шилжсэн гэж Хятадын цаг уурчид мэдээлэв. Хур тунадас ороогүй, нам даралтын салхины улмаас элсэрхэг тоосонцор ч мөн адил тус улсад шилжсэн байна.