/2023.03.22/ Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй гурван настай хүүгийн ар гэрийн төлөөллөөс мэдээлэл өглөө.
Хүүгийн авга ах:
-Хүүхдийн биеийн байдал бага зэрэг дээрдэж амьсгалын аппаратаасаа салсан. Гэхдээ ухаан ороогүй. Хүүгийн аав ээж хоёр салаад 7,8 сар болж байна. Ээж нь гэх эмэгтэй хамтран амьдрагчтайгаа энэ оны нэгдүгээр сард танилцсан юм байна лээ. Хүүг хоёр хоногийн өмнө эмнэлэгт аваачсан бол бие нь ингэж муудахгүй байх байлаа. Тухайн үед мөн хатгаа авчихан байсан гэсэн. Тиймээс тархи, нугасандаа гэмтэл авснаас гадна хатгаа нь нэлээд хүндэрчихсэн ГССҮТ-д ирсэн. Шууд эмчилгээ хийж болохгүй гээд 3,4 хоногийн өмнөөс л эмчилгээ хийж эхэлсэн гэв.
Мөн тэрээр, "Хүү тархи нугасандаа маш хүнд гэмтэл авсан. Шүүх эмнэлэг гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байгаа. Тархины саажилт, нуруу нугасны гэмтэлтэй болохыг үгүйсгэхгүй. Ирээдүй нь бүрхэг байна. Ээж нэртэй тэр хүнд үнэхээр харамсаж байна" гэлээ.
Хохирогч хүүг Туркт эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлжээ. Эхний ээлжинд 150 сая төгрөг хэрэгтэй байгаа талаар хүүгийн авга ах мэдээллээ.