/2021.09.01/ Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах 0.2 га талбайг тохижуулж дуусчээ.
Тодруулбал, дээрх талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий ногоон байгууламж хийж, иж бүрэн тохижуулсан байна.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинэ орон сууцнууд барьсан.
Тэдгээр орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан юм. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж, оршин суугчид Хотын даргад хандаж, хүсэлт гаргасны дагуу ийнхүү тохижуулсан байна.
Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: Улаанбаатар.мн