Сургалт явуулж байгаа танхим караоке БИШ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургалт явуулж байгаа танхим караоке БИШ

/2021.09.01/ Хичээлийн шинэ жил эхэлж, ЕБС-ийн сурагчид төрөлх сургуульдаа хичээллэж эхлээд байна.

Энэ дунд сурагчдыг "караокед" хичээллүүлж байна гэх мэдээлэл нэр бүхий сайтад түгсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 84 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагчид сургуулийн байрны замын эсрэг талд байрлах барилгад хичээллэж байгаа ажээ.

Тэгвэл сурагчдыг үнэхээр караоке байрладаг талбайд хичээллүүлж байгаа эсэх талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Ариунболдтой уулзаж, дээрх асуудлын талаар дэлгэрэнгүй тодрууллаа.

- Сургалтын талбайг хэдий хугацаанд тохижуулсан бэ?

- Сурагчдаа олноор нь нэг ангид хичээллүүлэхгүй байх шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэгт түрээсийн байр маш их хайсан. Сул талбай ер олдохгүй, доороо үйлчилгээний газартай л байршил байсан. Өнгөрсөн долоо хоногт түрээслэгч байгууллага дотор заслаа хийж өгсөн. Анги доторх тохижуулалтыг багш нар маань өөрсдөө бэлдсэн.

Манай сургуулийн хувьд сурагчдаа тав тухтай орчинд сургахын төлөө гадаа талбайд хурдаа сааруулах, сургууль орчмын талбай зэрэг тэмдэг тэмдэглэгээг тавиулсан.

Мөн барилгын 2 талд хурд сааруулагч хийхээр замын цагдаагийн газарт хүсэлтээ өгсөн байгаа.

- Мэргэжлийн хяналтын газраас энэ байршилд сургалт явуулж болно гэж зөвшөөрсөн үү?

- Нийслэлийн боловсролын газраас энэ байршлыг санал болгосон. Улмаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, боловсролын яамнаас тодруулахад хичээллэх зөвшөөрөл олгож захирамж тушаал нь хүртэл гарсан.

- Цахим орчинд хүүхдүүдийг караокед хичээллүүлж байна гэх мэдээ нэр бүхий сайтуудад тавигдсан байна. Энэ асуудалд тайлбар өгөөч.

- Гуравдугаар ангийн арван бүлэг энэ байршилд хичээллэж байна. Цахим орчинд манай сургуулийг караокены өрөөнд хичээллэж байна гэх мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Эцэг эхчүүдэд анги танхимыг танилцуулж залруулга хийнэ.

Энэ барилга нь 84 дүгээр сургуулийн яг хажууд орших таван давхар байгууламж.

Өмнө нь хагас пудвольдоо караоке байсан. Одоо тухайн байгууллага үйл ажиллагаагаа явуулахгүй энэ барилгаас гарсан байгаа. 2, 4, 5 дугаар давхарт гуравдугаар ангийн хүүхдүүдийг хичээллүүлж байна.

Хариуцлагатайгаар хэлье, энэ байршилд одоо ямар ч караоке үйл ажиллагаа явуулаагүй.

Энд өмнө хоёрдугаар давхарт нь өдөр өнжүүлэх төв, дөрөв болон тавдугаар давхарт нь сургалтын төв ажиллаж байсан зориулалтын талбайтай. Ангийн өрөө бүр гурван талаасаа цонхтой, агаар сэлгэлт сайтай.

Хөл хорионы үед буюу нэг анги хоёр хуваагдаж хичээллэж байгаа цагт сургалт явуулахад асуудалгүй гэж үзэж байна.

- Хэрвээ энд хичээллэхээ боливол яах вэ?

- Энэ оны хавраас эхлээд түрээсийн байр хайсан. Үнэхээр олдоогүй, ганц олдсон нь энэ байршил. Хэрвээ энд хичээллэхээ боливол 84 дүгээр сургуульдаа гурван ээлжээр хичээллэхээс өөр сонголтгүй болно.

Энэ нөхцөлд бага анги гурван ээлжээр хичээллэнэ. Өвөл, оройн цагаар хичээллэж хүүхдүүдэд эрсдэлтэй нөхцөл үүснэ.

Бид өмнө нь гурван ээлжээр хичээллэж үзсэн. 15:00 цагт гуравдугаар ээлжний анги хичээллэж эхлээд 19 цаг өнгөрөөгөөд тардаг. Өвлийн цагт бол харанхуй болчихсон байна гэсэн үг. Мөн энэ оройн цагаар хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүн хүртэл амрах хэрэгтэй байдаг. Хүүхэд ядарч сурах сонирхолгүй болоод улмаар чанаргүй сургалт болно.

Яагаад заавал бага ангийн сурагчдаа өөр байршилд хичээллүүлж байгаа юм гэж гайхаж байгаа байх. Дунд, ахлах ангийн сурагчид илүү олон хичээл үзэж судалдаг. Хичээл бүрт нь өөр багш орж, сонгон судалж байгаа хичээл нь ч гэсэн нөгөө бүлгийн хүүхдүүдтэйгээ холилдож ачаалал үүснэ. Харин бага ангийн сурагчийн сурах цаг нь арай бага, өөр группээр орно гэх зүйлгүй тул ийм шийдвэр гаргасан.

Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно
Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.