/2023.03.17/: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Буян компани болон Б.Жаргалсайхантай холбоотой чанаргүй зээлийн талаар авч хэлэлцлээ.
Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан нийтдээ 14 тэрбум төгрөгийн зээл авсан. Хүү нэмэгдүүлсэн хүүтэй нийлээд 17.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлийн төлөлт хийгдээгүй. 2014 оноос хойш 9 жилийн хугацаанд огт төлөлт хийгдээгүй байна. Уг зээлийг 8 хувийн хүүтэй авсан байна.
Зээлийг авахдаа журам зөрчигдсөн. Яагаад гэвэл муу зээлийн түүхтэй байсан. Хөгжлийн банк, Голомт банк хооронд байгуулагдсан 2013 оны Төсөл санхүүжүүлэх гэрээний 5.2.3.6-д заасан шаардлагыг хангаагүй байхад зээл олгосон.
Урьд нь авч байсан 2012 оны нэгдүгээр сарын 13-нд 2 тэрбум төгрөг, 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр 9.9 тэрбум төгрөг ХҮҮГҮЙ авч байсан байна. Жаргалсайхан гуай төрийн хайрыг бол их хүртжээ. Хамгийн дээд тал нь 2 хувийн хүүтэй авч байжээ. Энэ үед та УИХ-ын гишүүн байсан байна. Энэ хүнийг шүүхэд өгдөггүй юм уу, банк нь шүүхэд өгдөггүй юм уу? Та энэ зээлийг хэзээ өгөх вэ?
Б.Жаргалсайхан: Би энэ хэлэлцүүлэгт зориуд ирсэн. Янз бүрийн тайлбар тавиад ирэхгүй байж болох байсан. Би энийг шүүх хурал биш хэлэлцүүлэг гэж бодож ирсэн. Би өөрийг чинь УИХ-ын гишүүн гэдгийг чинь мэдэх хэдий ч урьд нь ямар ажил эрхэлж байсан талаар огт мэдэхгүй. Та урьд өмнө ямар ажил эрхэлж байсан талаар танилцуулаач. Би шүүх хуралд ирээгүй та битгий айлга.
Би УИХ-ын гишүүн байсан, Үйлдвэр худалдааны сайд хийж байсан. Энэ хугацаанд нэг ч тендер авч үзээгүй, нэг ч улсын өмч хөрөнгийг хувьчлалаар авч байгаагүй. Ажиллаж байх хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг танай нам авчихсан байхад буцаан авч Эрдэнэт үйлдвэрт өгч байсан. Төмөртэй, Хустайн ордын лицензүүдийг Хятадуудад өгчихсөн байхад хураан авч байсан.
Б.Энхбаяр: Өөр асуудал ярилгүй шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна уу? Энэ авсан зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ та 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байна. Энийгээ төлөөгүй муу зээлийн ангилалд орчихсон байхдаа дахин зээл аваад тэрийгээ төлөөгүй байна. Энэ зээлээ төлөхгүй юм уу гэдэгт хариулах хэрэгтэй байна.
Б.Жаргалсайхан: Та аж ахуй эрхэлж 10 хүнд цалин өгч үзээгүй байж хэзээ ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. Өнөөдөр МУ-д ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй. Та нар нэг банкны алдагдлыг л ярьж байна. Бусад банкнуудыг шалгавал бүгд доошоо цөмөрчихсөн байгаа. Би анх 1995 онд гадаадаас зээл аваад 2 үйлдвэр оруулж ирж барьсан. Танай намын нөхдүүд над руу маш их дайрч доромжилсон. Бүр Лондонгийн арбитрын шүүхэд хүртэл хандсан. Хөрөнгө оруулахаар доромжлоод байдаг.
Б.Энхбаяр: Та зээлээ төлөх юм уу төлөхгүй юм уу?
Ж.Сүхбаатар: МУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хууль гэж гарсан. Энэ хуулиар гэрч бол асуултад хариулах, тайлбар өгөх үүрэгтэй болохоос гэрч дээр чөлөөт мэтгэлцээн үзүүлэх ажиллагаа байхгүй. Монголын ард түмний татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжигдсан Хөгжлийн банкны санхүүжилтийг олон компаниудад олгосон. Бодлого нь буруу байснаас МУ дампуурах шахлаа. Энд олон хүмүүс ажил хийсэн байж болох ч цөөнгүй хэсэг нь энэ улсынхаа нөхцөл байдлыг муутгах нөхцөл байдал үүсгэсэн. УИХ-ын гишүүн байхдаа хүүгүй зээл авсан. Та битгий томор. Татвар төлөгчдийн мөнгийг авч бизнес хийнэ гэж ямар юм байдгийн. Энэ хүнийг гаргах хэрэгтэй. Ард түмний мөнгийг хулгайлж авчихаад эргүүлж төлөхгүй байж ичихгүй ингээд суугаад байх юм.
Б.Энхбаяр: Сүүлийн 9 жилд нэг ч төгрөг төлөөгүй. Голомт банкны төлөөллийг сонсьё. Энэ хүн ямар эрх дархтай болохоороо ингээд зээлээ төлөхгүй байгаа юм бэ.
Б.Жаргалсайхан: Би ирэхгүй байж болох байсан. Шинэ зөв зүйл эхэлж байна гэж бодоод ирсэн. 1990 оноос би бизнес хийж эхэлсэн. Устөрийн албан тушаал хашиж байхдаа би хувийн юмыг оролддоггүй байсан. Буян гэх компани өөрийн гэсэн захирлуудтай хэдий ч би тайлбар тавихаар ирлээ. Би тэнд захирал биш. Яагаад бидний ажил болохгүй байна. Би аль ч намын талд орох гээгүй байна. МУ хөгжье гэвэл аж үйлдвэрээ хөгжүүлэх л хэрэгтэй. Бид нар одоо нэг зүйлийн зааг дээр байна. Цаашдаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар явах уу? хувийн хэвшил дээр тулгуурласан нийгэм эдийн засгийн амьдралыг цогцлуулан хөгжүүлж авч явах уу гэдэг дээр байна. Өнөөдөр зөвхөн хувийн хэвшлийн талаар ярьж байгаа нь зөв. Нэг удаа ингэж шүүх цаг болсон. Замбараагүй зээлүүд, хариуцлагагүй зээлүүд гарсан. Монголчууд мөнгө зарж үзээгүй. Биеэ дааж аж ахуйн ажил хийж үзээгүй. Зөвхөн сэтгэлийн хөдөлгөөндөө автагдаад бизнес хийнэ гээд явж байгаа хүмүүс бий.