ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ

/2023.03.17/ УИХ-ын чуулганы хуралдаан болж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Улмаар тус хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн гишүүдийн зүгээс иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч, уг хуулийг дахин өргөн мэдүүлэх нь хэрэгтэй гэв.

12.00 цаг. УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, санал авах, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэх чиглэл өгч байна гэлээ.

11.20 цаг. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Эрх баригчид наадам, цагаан сар зэрэг эгзэгтэй үед хууль батлах гэж чичирдэг

-Энэ хуулийг яг үнэндээ батлаагүй. АН-ын бүлэг хоёр гурван удаа завсарлага авсан. Сүүлдээ бид арга ядаад хурал хаяж гарсан. Эрх баригчид наадам, цагаан сар, чуулганы хаалт зэрэг эгзэгтэй үеүүдэд хууль батлах гэж чичирдэг.

Монгол Улс ардчиллын индексээр 179 орноо орноос 61-т жагсаж байсан. Гэтэл 2022 онд 16 байр ухарч 77-т жагссан. Хэрэв энэ хууль батлагдвал 16 байтугай байраар ухарна. Учир нь Үндсэн хууль руу хүртэл ордог болсон. Үндсэн хуульд мануухай байлгаж байгаад бүр гурван цагийн дотор Үндсэн хуулийг өөрчилдөг болсон гэлээ.

11.00 цаг. Д.Ганбат: Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс, бэлэг болгоод хоригийг нь хүлээж авъя

-Өнөөдөр бол Монгол цэргийн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг цэргүүдийн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр бол цэргийн хүмүүс. 150 дугаар мотобуудлагын дайчин хорооны нөхөд. Энэ бол Ерөнхийлөгчийн анхны хориг. Монголын Монголын ард түмэндээ бэлэг болгоод энэ хоригийг бид 100 хувь хүлээж авъя. Үүний та бүхний барьж буй маш сайхан бэлэг гэж хүлээж авъя гэлээ.

10.40 цаг. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Н.Учрал сайдын хуулийг илүү чамбайруулж дахин оруулж ирэх хэрэгтэй

-Энэ хуулийн анхны хэлэлцүүлэг нэгдсэн чуулганы хуралдаан руу орж ирсэн процессийг эцэст нь ийм нөхцөл үүсэх вий гэдгийг анхнаас нь сануулж байсан. Хууль санаачлах, батлах асуудалд УИХ-ын гишүүд өөрсдөө ч нухацтай анхаарах хэрэгтэй байна.

Хуулийг 48 цагийн дотор л баталчихсан. Ерөнхийлөгчийн хориг бол маш зөв. Энэ бол хууль батлах процесст маш том сургамж болсон. Хуулийн төсөлд сууж байгаа төрийн албан хаагч нар сайд дарга нартаа мэдээллээ сайн өгч баймаар байна. Тэгэхгүй бол дарга нар нь амьгүй албат болж суусны нэг гор нь энэ. Төрийн албан хаагчид ажлаа хиймээр байна. Зүгээр л дарга сайд нараа эвгүй байдалд оруулж байна.

Хуульд олон нийтийн санааг яаж тусгасан юм. Уг нь яг одоо яваад байгаа Зөвлөлдөх санал асуулга шиг зүйлийг хийх ёстой байсан. Гэтэл ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг огт тусгаагүй гэлээ.

Мөн тэрээр хууль санаачлагчдаас уг хуулийг дахин оруулж ирэх эсэхийг тодруулахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Ерөнхийлөгч хоригтоо энэ төрлийн хуультай болох хугацаа аль хэдийнээ болсон гэдгийг дурдсан. Хуулийг илүү чамбайруул гэсэн. Тиймээс Засгийн газар энэ хуулийг дахин оруулж ирэх ёстой. ЕТГ-ын дарга хуулиа илүү сайжруулж байж оруулж ирэх хэрэгтэй гэж хэлсэн. Үүнтэй санал нэг байгаа" гэв.

ВИДЕО:

Твиттерт гадаад бодлого шүүмжилвэл “ЭКСТРЕМИСТ үйл ажиллагаа сурталчилсан“ болох уу?
Твиттерт гадаад бодлого шүүмжилвэл “ЭКСТРЕМИСТ үйл ажиллагаа сурталчилсан“ болох уу?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.