/2023.03.17/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Энэ хуулийн анхны хэлэлцүүлэг нэгдсэн чуулганы хуралдаан руу орж ирсэн процессийг эцэст нь ийм нөхцөл үүсэх вий гэдгийг анхнаас нь сануулж байсан. Хууль санаачлах, батлах асуудалд УИХ-ын гишүүд өөрсдөө ч нухацтай анхаарах хэрэгтэй байна.
Хуулийг 48 цагийн дотор л баталчихсан. Ерөнхийлөгчийн хориг бол маш зөв. Энэ бол хууль батлах процесст маш том сургамж болсон. Хуулийн төсөлд сууж байгаа төрийн албан хаагч нар сайд дарга нартаа мэдээллээ сайн өгч баймаар байна. Тэгэхгүй бол дарга нар нь амьгүй албат болж суусны нэг гор нь энэ. Төрийн албан хаагчид ажлаа хиймээр байна. Зүгээр л дарга сайд нараа эвгүй байдалд оруулж байна.
Хуульд олон нийтийн санааг яаж тусгасан юм. Уг нь яг одоо яваад байгаа Зөвлөлдөх санал асуулга шиг зүйлийг хийх ёстой байсан. Гэтэл ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг огт тусгаагүй гэлээ.
Мөн тэрээр хууль санаачлагчдаас уг хуулийг дахин оруулж ирэх эсэхийг тодруулахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Ерөнхийлөгч хоригтоо энэ төрлийн хуультай болох хугацаа аль хэдийнээ болсон гэдгийг дурдсан. Хуулийг илүү чамбайруул гэсэн. Тиймээс Засгийн газар энэ хуулийг дахин оруулж ирэх ёстой. ЕТГ-ын дарга хуулиа илүү сайжруулж байж оруулж ирэх хэрэгтэй гэж хэлсэн. Үүнтэй санал нэг байгаа" гэв.
Сонирхуулахад, Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасаныг бид өчигдөр нийтэлсэн билээ. ЭНД ДАРЖ унших боломжтой.