“Хил хязгааргүй сурвалжлагчид“ байгууллагаас УИХ-ын гишүүдэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг УРИАЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хил хязгааргүй сурвалжлагчид“ байгууллагаас УИХ-ын гишүүдэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг УРИАЛЛАА

/2023.3.16/ "Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагаас ирсэн дараах мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Дашрамд сонирхуулахад, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг өчигдөр Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн бөгөөд, 100 хувийн саналаар хүлээн авсан юм.

ХИЛ ХЯЗГААРГҮЙ СУРВАЛЖЛАГЧИД:
УИХ-ЫН ГИШҮҮДЭД ХАНДАН УРИАЛЖ БАЙНА

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага Монголын хууль тогтоогчдод хандаж, гуравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон цахим орчны харилцааг зохицуулахад чиглэсэн эрсдэл бүхий хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авч, хуулийн төслийг Мэдээлэл ба ардчиллын форумын зөвлөмжийн дагуу, яаралгүйгээр дахин нягтлан боловсруулан, хэлэлцэхийг уриалж байна.

2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цахим орчны харилцааг зохицуулахад чиглэсэн эрсдэл бүхий хуульд (Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль. Орч.) Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өнгөрсөн нэгдүгээр сард тавьсан хоригийг хэлэлцэхээр товложээ. RSF хуульд хориг тавьсаныг дэмжин сайшаасан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээж аваагүй бол хууль хүчин төгөлдөр үлдэнэ. Ингэснээр, таалалд нийцээгүй цахим контентыг цагдан хянах эрх мэдлийг эрх баригчдад олгож, дур зоргоор, улс төрийн сэдэл бүхий шийдвэрүүд гаргах эрсдэл дагуулах юм.

"Засгийн газарт шүүхийн шийдвэргүйгээр интернэт орчныг цагдан хянах эрх мэдэл олгох нь олон нийтийн мэдээлэл авах эрхэд халдаж, нэг л мэдэхэд сэтгүүлчдийн дуу хоолой нухчин дарагдахад хүрч болзошгүй" хэмээн RSF-ийн Зүүн Ази хариуцсан товчооны захирал Седрик Алвиани сэрэмжлүүлээд “Бид хууль тогтоогчдод хандан, уг хуулийг бүхэлд нь буцаан татаж, Мэдээлэл ба ардчиллын форумын зөвлөмжийн дагуу яаралгүйгээр дахин нягтлан боловсруулан, хэлэлцэхийг уриалж байна” гэв.

Мэдээлэл ба ардчиллын форумын зөвлөмж

2020 оны арваннэгдүгээр сард Мэдээлэл ба ардчиллын форумаас олон улсын шинжээчдийн 100 гаруй санал дээр үндэслэн цахим платформ, нийгмийн хэвлэл мэдээлэл дэх мэдээллийн эмх замбараагүй байдлын эсрэг хариу арга хэмжээний талаар 250 санал, зөвлөмж агуулсан “Инфодемик буюу мэдээллийн цар тахлыг хэрхэн таслан зогсоох вэ” тайланг олон нийтийн хүртээл болгосон юм. Эдгээр санал, зөвлөмжийн дотор үндэсний хэмжээний зохицуулах байгууллагын засаглалыг бэхжүүлэх, зохицуулах байгууллагыг гүйцэтгэх удирдлагаас хараат бус байлгах, хууль тогтоох эрх мэдлийн өмнө хүлээх эгэх хариуцлагыг бэхжүүлэх, томилгооны сонгон шалгаруулалтыг ил тод, тодорхой болгох асуудлыг дэвшүүлсэн байна.

Тус Форумаас мөн гурван тайлан болон нийтийн зохицуулалтын чиглэлээр цогц зөвлөмж гаргасан билээ. Үүнд, 2023 онд улс орнууд болон цахим платформынханд чиглэсэн санал зөвлөмж агуулсан “Алгоритмчлах явцад мэдээ мэдээллийн олон ургальч байдлыг хангах нь” тайлан, 2022 онд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг хамгаалах нөхцөлийг платформуудад бүрдүүлэх үүднээс зөөллөх бодлоготой уялдуулах арга замыг санал болгосон “Олон нийтийн сүлжээ, түүний хэрэглэгчдийн эгэх хариуцлагын горим” тайлан, 2021 онд засгийн газрууд, нөлөө бүхий тоглогчдод хандаж, нэг жилийн ДНБ-ий 0.1 хүртэл хувийг сэтгүүл зүйн үйл ажиллагаанд зарцуулах замаар бодлого, санхүүгийн орчныг сайжруулах, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих орчин бүрдүүлэхийг уриалсан “Сэтгүүл зүйн төлөө шинэ бодлого” тайлан тус тус нийтэлсэн юм.

2019 онд байгуулагдаж, 50 улс орныг эгнээндээ нэгтгэсэн Мэдээлэл ба ардчиллын олон улсын түншлэл нь мэдээлэл харилцааны орон зайд ардчилсан хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой. Түншлэлийн зүгээс Нобелийн шагналтнууд, сэтгүүлчид, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн Хорооны боловсруулсан зарчмууд дээр үндэслэн ардчилал, энх тайван, тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг биелүүлэхэд саад тотгор учруулж буй мэдээллийн эмх замбараагүй байдлын эсрэг зохистой хариу арга хэмжээ үзүүлдэг.

Монгол Улс 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 90-д жагсчээ.

Эх сурвалж: Хил хязгааргүй сурвалжлагчид ОУ-ын байгууллага
Газар олгосон гэх асуудалд БОАЖ-ын сайд тайлбар өгнө
Газар олгосон гэх асуудалд БОАЖ-ын сайд тайлбар өгнө
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.