Орос Украинд довтолсон цагаас эхлэн Оросын иргэд Бали арал руу бөөнөөрөө цутгасан.
Индонезийг зорин дайнаас зугтсан Орос иргэдэд тус улсын хамгийн алдартай газар болох Бали арал аврал болж байна.
Гадныханд ажлын байраа булаалгах тохиолдол улам бүр нэмэгдсээр байгаад нутгийн иргэд уурлаж бухимдаж байна.
Энэ долоо хоногийн эхээр Бали мужийн амбан захирагч Вайан Костер орон нутгийн иргэдийн гомдол нэмэгдэж буйтай холбогдуулан засгийн газраасаа Орос, Украины иргэдэд олгодог визний хөнгөлөлтийг зогсоохыг хүссэн талаар мэдээлэв.
“Төрөлх улсдаа амгалан тайван амьдрах аргагүй болсон учраас тэд манай улсыг тэр тусмаа манай арлыг зорин ихээр ирж байна. Тэдний олонх нь Балид амралт зугаалгаар биш харин ая тухтай байх, ажил хийх гэж ирдэг” гэж Костер орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Аялал жуулчлалын сайд Сандиага Уно засаг даргын хүсэлтийг хянан үзээд, "ажил хийгээд элдэв асуудал үүсгэсэн тохиолдол тийм ч их биш байгаа болохоор журмыг хэвээр үлдээх болно" гэж мэдэгдэв.
Өнгөрсөн жил 60 мянга орчим оросууд Бали аралд ирсэн бол Кремль цэргийн нөөцийг хэсэгчлэн дайчлах тухай зарласнаас хойш сар бүр ойролцоогоор 20,000 хүн нэмж ирж байна гэж Балигийн олон улсын нисэх онгоцны буудлаас эмхэтгэсэн байна.
Зарим нь арал дээр үсчин, хүүхэд асрагч, таксины жолооч, тэр ч байтугай биеэ үнэлэгчээр ажилд орсон ч тэдний ихэнх нь ажиллах визгүй гэж эрх баригчид хэлж байна.
Энэ сарын эхээр Бали мужийн засгийн газар бичиг баримтгүй ажилчдыг таслан зогсоох зорилгоор цагдаа, хөдөлмөр, аж үйлдвэр, худалдааны яамдын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулснаа зарлажээ.
Ажлын хэсгийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ажлын хэсэг интернетийн хяналтыг нэмэгдүүлж, жуулчдыг арал дээр хууль бусаар ажиллахаас сэрэмжлүүлсэн сурталчилгааны самбар байрлуулна гэж мэдэгдэв. Ажлын хэсэг эхний долоо хоногтоо зургаан жуулчныг баривчилсан бөгөөд бүгд Орос байжээ. Тэдний гурав нь биеэ үнэлэгч, хоёр нь мотоциклийн жолооны багш, нэг теннисний дасгалжуулагч байсан бөгөөд бүгдийг нь албадан гаргах тушаал гаргажээ.
Эх сурвалж: Aljazeera