/2023.03.14/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Олон Улсын Худалдааны Төвтэй хамтран “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвээр Улаанбаатар хотноо 2023 оны зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Үүний хүрээнд Олон Улсын Худалдааны Төвийн Ажлын хэсэг Улаанбаатар хотноо 2023 оны 03 дугаар сарын 13-24-ний өдрүүдэд ажиллаж буй бөгөөд хоёр талын Хамтарсан ажлын хэсэг уулзаж, чуулга уулзалтын агуулга, ерөнхий ажлын төлөвлөгөө, түүнд тусгагдсан ажлуудыг хэрхэн хариуцаж ажиллах, мөн шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо.
Тус чуулга уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүнд өсөхөд эергээр нөлөөлж, монголын экспортлогчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад түнш, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах, шинэ гэрээ хэлэлцээр байгуулах, дотоодын жижиг, дунд үйлдвэрүүд экспортын шинэ гарц, боломж олох, бусад орны туршлагаас суралцах, харилцан мэдээлэл солилцоход ач холбогдолтой гэж үзэн ажлын хэсгийн зүгээс өндөр ач холбогдол өгч идэвхтэй ажиллахыг зорьж байна.
Эх сурвалж: ЭЗХЯ