/2023.03.14/: Украины зүүн хэсэгт орших Бахмут хотын төвийг хяналтандаа авахын тулд ширүүн тулаан өрнөж байна гэж Орос, Украины хүчнийхэн мэдэгдлээ.
Энэхүү тулаан нь Москвагийн эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойшхи хамгийн удаан үргэлжилсэн цуст тулаан болж байгаа бөгөөд хоёр тал тулааны талбарт аль аль нь амжилт үзүүлсэн гэж мэдэгджээ.
"Вагнерын довтолгооны ангиуд хэд хэдэн чиглэлээс урагшилж, манай цэргүүдийн хамгаалалтын байрлалыг нэвтлэн хотын төв рүү шилжихийг оролдож байна. Ширүүн тулалдаанд манай хамгаалагчид дайсандаа их хэмжээний хохирол учруулж байна. Оросын цэргүүд Бахмутын зүүн хэсгийг эзэлсэн боловч өнөөг хүртэл бүслэн авч чадаагүй" гэж Украины арми өнөөдөр өглөөний бага хурлын үеэр мэдэгдэв.
Украины хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Александр Сирский "Хотыг эзлэх гэсэн дайсны бүх оролдлогыг их буу, танк болон бусад галын хүчээр няцааж байна" гэжээ.
Вагнерын босс Евгений Пригожин түүний хүчнүүд хотын төвийг хяналтандаа авахыг эрмэлзэж байгаа тул эрс эсэргүүцэлтэй тулгарсныг хүлээн зөвшөөрөв.
“Бахмутын байдал хүнд, маш хүнд байна. Дайсан метр тутамд эсэргүүцэн тулалдаж байна. Бид хотын төвд ойртох тусам тулалдаан улам хэцүү болж, их бууны тоо нэмэгдсээр...” гэж Пригожин олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Украины зүгээс Бахмутыг хамгаалах стратеги нь Оросын ойрын саруудад дахин давшилт хийх чадварыг доройтуулж, газар нутгаа эргүүлэн авах оролдлогыг бэлтгэхэд цаг хугацаа хожих явдал гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС