/2023.03.10/: Латви улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож автомашинаа хураалгасан жолооч нарын автомашинуудыг Украин руу илгээж байна.
Баривчлагдсан жолоочдын найман машиныг лхагва гарагт Латвийн нийслэл Рига хотоос ачсан бөгөөд удахгүй хилээр гарах гэж байгаа аж.
Энэ нь өнгөрсөн сард Латвийн парламентаас баталсан төлөвлөгөөний дагуу илгээж байгаа анхны цуваа юм.
УИХ-ын гишүүд мөн төрийн өмчийн автомашинуудыг Украины цэргүүд болон эмнэлгүүдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн оны сүүлээр Латви хуульдаа өөрчлөлт оруулснаар 100 мл цус тутамд 1.5 мг согтууруулах ундаа илэрсэн жолоочийн тээврийн хэрэгслийг нь хураан авч, Засгийн газар нь зарж болхоор болсон юм.
Олон нийтийн LSM телевизийн мэдээлснээр Латви улс нь Европийн орнууд дундаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал хамгийн их байдаг улс бөгөөд жилд 3,500 тохиолдол бүртгэгддэг аж.
Шинэ хуулийн үр дүнд эрх баригчид Украинд хандивын автомашин илгээдэг буяны байгууллага болох Twitter Convoy-д долоо хоногт хорин хэдэн машин хүлээлгэж өгөхөө амлав.
Уг ТББ-ыг үүсгэн байгуулагч Рейнис Познакс Ройтерс агентлагт "Хүмүүс согтуугаар ингэж их жолоо барьдаг гэж хэний ч санаанд ороогүй. Эрх баригчид маш их автомашин хурааж байгаа бөгөөд ийм олон тоогоор нь зарах боломжгүй тул тусламжаар Украинд илгээхээр шийдсэн нь энэ" гэжээ.
Латвийн Delfi вэб сайтад мэдээлснээр эхний найман машин нийлээд 18,500 еврогоор үнэлэгдсэн байна.
Латвийн хүн амын дөрөвний нэг орчим хувь нь орос үндэстэн бөгөөд Оросууд Украинд түрэмгийлсний дараа Латви Кремлийн суртал ухуулга тараасан олон арван вэб сайтыг хориглох арга хэмжээ авахаар яаравчилж байна.
Эх сурвалж: ВВС