/2021.08.31/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов.
Мөн БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр болсныг тэмдэглэлээ.
Хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэлээ.
Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ.
Эх сурвалж: president.mn