/2021.08.31/: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Өлийн давааны өвөр хэсэг, “Минж нутагшуулах, үржүүлэх төв” орчмын 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.
Туул голын экосистемийг хамгаалах, минж нутагшуулах замаар усны урсцыг нэмэгдүүлэн, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас 2012 онд “Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨҮГ-ыг байгуулсан. Өдгөө тус төслийн нэгж 57 бодгаль минжийг Туул голын эх болон Заан, Тэрэлж голд нутагшуулаад байна.
Минж нь голын экосистем болон ойролцоох хуурай газрыг холбосон суваг татах зэргээр завсрын шинжтэй орчныг шинээр бий болгож байгалийн тэнцвэрийг хангадаг онцгой ач холбогдолтой бодгаль юм.
Хэрэв Туул голын эх болон цутгал голууд дахь бүл минжний тоог олшруулж, 100-150-д хүргэвэл усны бохирдол багасаж, Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэрийн нөөц нэмэгдэж, хамгаалагдана гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцууллаа.
Тиймээс Нийслэлийн ИТХ-аас Туул голын ай савыг хамгаалах зорилгоор дээрх 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байгаа юм. Хамгаалалтад авсан дээрх газарт цаашид экологийн боловсролд дэмжлэг үзүүлэх төв болгон хөгжүүлнэ. Ингэснээр ЕБС-ийн сурагчид, оюутан залуус тус төвд экологийн боловсрол эзэмшиж, зөв дадалд суралцах боломж бүрдэх ач холбогдолтой.
Эх сурвалж: НИТХ