~Mpress.mn сайт ахлах, дунд ангийнхныг үдийн хоолтой болгох уриалга гаргаж байна~
Бид "Дунд, ахлах ангийнхныг үдийн хоолтой болгоё" сурвалжилгаар сурагчдын өдрийн цайны асуудлыг хөндсөн. Мөн мэргэжилтнээс өсвөр насны хүүхдүүдийн өдөрт авбал зохих илчлэгийн хэмжээ, шим тэжээлтэй хоол идэхийн ач холбогдлын талаар тодруулан хүргэсэн билээ.
Энэ удаад бид сурагчидтай уулзаж, өдрийн хоолондоо хэдэн төгрөг зарцуулдаг, юу авч иддэг талаар тодрууллаа. Мөн өдрийн цай уух нь сурагчдын сурлагын чанарт ямар ач холбогдолтой байдаг талаар ярилцав.
Эх сурвалж 1. ИХЭВЧЛЭН ОРООМОГ, ПИРОЖКИ АВЧ ИДДЭГ /11 дугаар ангийн сурагч/
-Сургуулиас өдрийн цай өгдөг болвол ямар вэ?
-Өдрийн цайтай бол хоолны мөнгө нэлээд хэмнэх байх л даа. Ядаж өдөр өдөртөө ээж, ааваасаа мөнгө авах нь багасна. Хоолны мөнгөөр шалтаглаж тамхины мөнгө авдаг хүүхдүүд олон болсон санагдсан. Магадгүй тэр ч бас багасах байх.
-Өглөөний цайгаа уудаг уу?
-Уудаг. Ер нь сүүлийн үед хүүхдүүд өглөөний цайгаа уух нь чухал гэдгийг мэддэг болж байгаа.
-Өдрийн хоолондоо юу иддэг вэ?
-Ихэвчлэн ороомог, пирошки авч иддэг. Гайгүй боломжтой үедээ түргэн хоол, тахиа, хотдог авч иддэг. Угаасаа завсарлагааны цаг бага байдаг учраас тухтай хооллох боломжгүй байдаг юм.
-Өдөрт хоолондоо хэдэг төгрөг зарцуулж байна?
-Дунджаар 3-5 мянган төгрөг зарцуулдаг. Өдөржингөө сургууль дээр байх шаардлагатай үедээ аав ээжээсээ 5000 төгрөг авдаг. Заримдаа мөнгөгүй үед найз нөхдөөсөө зээлэх юм уу, юм идэхгүй гэртээ очоод цайгаа уудаг.
Эх сурвалж 2. ӨДӨР ЮУ Ч ИДДЭГГҮЙ /12 дугаар ангийн сурагч/
- Сургуулиас өдрийн цай өгдөг болвол ямар вэ. Сурлагын чанарт эерэг нөлөө үзүүлэх үү?
-Мэдээж нөлөөлнө. Учир нь төгсөх ангийнхан буюу 9, 12 дугаар ангийн сурагчид өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ өнжих үе их. Тийм болохоор цайны цагтай байвал зүгээр байдаг. Нөгөө талаар эцэг эхээсээ мөнгө нэхэх шаардлагагүй, хичээлдээ сайн төвлөрч чадна. Мөн илүү зарлага гаргахгүй амар байна.
-Өглөөний цайгаа уудаг уу?
-Тийм ээ.
-Өдрийн хоолондоо юу иддэг вэ?
-Өдөр ихэвчлэн юу ч иддэггүй. Тийм боломж ч байдаггүй. Сургуулийн цайны газрууд стандартын шаардлага хангадаггүй учраас чанар муутай хоолнуудаа зарах нь түгээмээл байдаг. Хэрэв юм авч идэхээр бол ихэвчлэн CU юм уу жижиг түцнээс пирошки, кимбаб авч иддэг.
-Өдөрт хоолондоо хэдэг төгрөг зарцуулдаг вэ?
-Багадаа 2500 төгрөг. Мөнгөгүй ирсэн үедээ юу ч авч иддэггүй.
Эх сурвалж 3. ӨДРИЙН ЦАЙТАЙ БОЛВОЛ ГОЁ /9 дүгээр ангийн сурагч/
-Өглөөний цайгаа уудаг уу?
-Өглөөний цайгаа тогтмол уухыг хичээдэг. Гэхдээ яарсан үедээ шууд л гараад явдаг.
-Өдрийн хоолондоо юу иддэг вэ?
-Ихэвчлэн кимбаб иддэг.
-Өдөрт ээж ааваасаа хэдэн төгрөг авдаг вэ?
-5 мянган төгрөг. Гэхдээ мөнгөгүй ирсэн үедээ юм иддэггүй.
-Өдрийн цайтай болвол гоё уу?
-Тийм ээ. Өдөр өлсгөлөн байхаар хичээлдээ төвлөрч чаддаггүй. Харин юм авч идэхээр хичээлдээ сайн төвлөрч чаддаг.
Эх сурвалж 4. ИХЭВЧЛЭН СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛДЭГ /12 дугаар ангийн сурагч/
-Сургуулиас өдрийн цай өгдөг болвол ямар вэ. Сурлагын чанарт эерэг нөлөө үзүүлэх үү?
-Өдрийн цайтай байвал их дэмтэй байх. Яагаад гэвэл яарч гэрээсээ гарсан үед өлсөхгүй. Мэдээж хичээлээ сайн ойлгоно.
-Өдөртөө юу авч идэж байна?
-Ихэвчлэн түргэн хоол иддэг.
-Хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Таван мянган төгрөг зарцуулдаг.
-Мөнгөгүй ирсэн үедээ яах вэ. Эсвэл өдөржингөө юм идэхгүй явдаг уу?
-Мөнгөгүй ирсэн үед найзууд маань юм авч өгдөг. Эсвэл огт юм иддэггүй. Өдөржин өлсөж явж чадахгүй шүү дээ. Төгсөх ангийн хүүхэд учраас ихэвчлэн сургууль дээрээ цагийг өнгөрөөдөг. Өглөө цайгаа уугаад гардаг ч гэсэн өдөртөө хоол авч идэхгүй бол жаахан хэцүү байдаг.