~Mpress.mn сайт ахлах, дунд ангийнхныг үдийн хоолтой болгох уриалга гаргаж байна~
Хүүхдийг багаас нь эрүүл, зөв хооллолтын хэв маягт сургаснаар ирээдүйд эрүүл мэндийн салбарт учирч болох эрсдэл, дарамтыг бууруулж байгаа хэрэг хэмээн АШУҮИС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Д.Ням-Осор хэлж байлаа.
Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг ажээ. Түүнчлэн ихэнх архаг өвчний үндэс суурь нь энэ насанд тавигддаг гэдгийг судлаачид тогтоосон байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 746,405 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. 2021 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд өгдөг байсан "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгон өөрчилж, сурагчдын өдрийн хоолны чанарыг сайжруулсан байдаг. Хэдийгээр зарим хүмүүс "Хоолны чанар муу байна" гэж шүүмжилдэг боловч ойрын хэдэн жилд хийгдээгүй томоохон дэвшил болсон билээ. Уг хөтөлбөрт ойролцоогоор 400 мянган хүүхэд хамрагддаг бөгөөд хоолны зардалд:
- 2022 онд 174 тэрбум,
- 2023 онд 240 тэрбум зарцуулахаар тооцоолжээ.
Харин ахлах, дунд ангийнхны хувьд өдрийн хоолоо өөрсдөө "зохицуулдаг". 2022-2023 оны хичээлийн жилд нийт 346,403 хүүхэд ахлах, дунд ангид суралцаж байна.
СУРАГЧИД: Мөнгөгүй үедээ юу ч авч иддэггүй...
Бид сурагчидтай уулзаж, өдрийн хоолондоо хэдэн төгрөг зарцуулдаг, юу авч иддэг талаар тодруулсан юм. Мөн өдрийн цай уух нь сурагчдын сурлагын чанарт ямар ач холбогдолтой байдаг талаар ярилцлаа.
Эх сурвалж 1. ИХЭВЧЛЭН ОРООМОГ, ПИРОЖКИ АВЧ ИДДЭГ /11 дугаар ангийн сурагч/
-Сургуулиас өдрийн цай өгдөг болвол ямар вэ?
-Өдрийн цайтай бол хоолны мөнгө нэлээд хэмнэх байх л даа. Ядаж өдөр өдөртөө ээж, ааваасаа мөнгө авах нь багасна. Хоолны мөнгөөр шалтаглаж тамхины мөнгө авдаг хүүхдүүд олон болсон санагдсан. Магадгүй тэр ч бас багасах байх.
-Өглөөний цайгаа уудаг уу?
-Уудаг. Ер нь сүүлийн үед хүүхдүүд өглөөний цайгаа уух нь чухал гэдгийг мэддэг болж байгаа.
-Өдрийн хоолондоо юу иддэг вэ?
-Ихэвчлэн ороомог, пирошки авч иддэг. Гайгүй боломжтой үедээ түргэн хоол, тахиа, хотдог авч иддэг. Угаасаа завсарлагааны цаг бага байдаг учраас тухтай хооллох боломжгүй байдаг юм.
-Өдөрт хоолондоо хэдэг төгрөг зарцуулж байна?
-Дунджаар 3-5 мянган төгрөг зарцуулдаг. Өдөржингөө сургууль дээр байх шаардлагатай үедээ аав ээжээсээ 5000 төгрөг авдаг. Заримдаа мөнгөгүй үед найз нөхдөөсөө зээлэх юм уу, юм идэхгүй гэртээ очоод цайгаа уудаг.
Эх сурвалж 2. ӨДӨР ЮУ Ч ИДДЭГГҮЙ /12 дугаар ангийн сурагч/
- Сургуулиас өдрийн цай өгдөг болвол ямар вэ. Сурлагын чанарт эерэг нөлөө үзүүлэх үү?
-Мэдээж нөлөөлнө. Учир нь төгсөх ангийнхан буюу 9, 12 дугаар ангийн сурагчид өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ өнжих үе их. Тийм болохоор цайны цагтай байвал зүгээр байдаг. Нөгөө талаар эцэг эхээсээ мөнгө нэхэх шаардлагагүй, хичээлдээ сайн төвлөрч чадна. Мөн илүү зарлага гаргахгүй амар байна.
-Өглөөний цайгаа уудаг уу?
-Тийм ээ.
-Өдрийн хоолондоо юу иддэг вэ?
-Өдөр ихэвчлэн юу ч иддэггүй. Тийм боломж ч байдаггүй. Сургуулийн цайны газрууд стандартын шаардлага хангадаггүй учраас чанар муутай хоолнуудаа зарах нь түгээмээл байдаг. Хэрэв юм авч идэхээр бол ихэвчлэн CU юм уу жижиг түцнээс пирошки, кимбаб авч иддэг.
-Өдөрт хоолондоо хэдэг төгрөг зарцуулдаг вэ?
-Багадаа 2500 төгрөг. Мөнгөгүй ирсэн үедээ юу ч авч иддэггүй.
Эх сурвалж 3. ӨДРИЙН ЦАЙТАЙ БОЛВОЛ ГОЁ /9 дүгээр ангийн сурагч/
-Өглөөний цайгаа уудаг уу?
-Өглөөний цайгаа тогтмол уухыг хичээдэг. Гэхдээ яарсан үедээ шууд л гараад явдаг.
-Өдрийн хоолондоо юу иддэг вэ?
-Ихэвчлэн кимбаб иддэг.
-Өдөрт ээж ааваасаа хэдэн төгрөг авдаг вэ?
-5 мянган төгрөг. Гэхдээ мөнгөгүй ирсэн үедээ юм иддэггүй.
-Өдрийн цайтай болвол гоё уу?
-Тийм ээ. Өдөр өлсгөлөн байхаар хичээлдээ төвлөрч чаддаггүй. Харин юм авч идэхээр хичээлдээ сайн төвлөрч чаддаг.
Эх сурвалж 4. ИХЭВЧЛЭН СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛДЭГ /12 дугаар ангийн сурагч/
-Сургуулиас өдрийн цай өгдөг болвол ямар вэ. Сурлагын чанарт эерэг нөлөө үзүүлэх үү?
-Өдрийн цайтай байвал их дэмтэй байх. Яагаад гэвэл яарч гэрээсээ гарсан үед өлсөхгүй. Мэдээж хичээлээ сайн ойлгоно.
-Өдөртөө юу авч идэж байна?
-Ихэвчлэн түргэн хоол иддэг.
-Хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Таван мянган төгрөг зарцуулдаг.
-Мөнгөгүй ирсэн үедээ яах вэ. Эсвэл өдөржингөө юм идэхгүй явдаг уу?
-Мөнгөгүй ирсэн үед найзууд маань юм авч өгдөг. Эсвэл огт юм иддэггүй. Өдөржин өлсөж явж чадахгүй шүү дээ. Төгсөх ангийн хүүхэд учраас ихэвчлэн сургууль дээрээ цагийг өнгөрөөдөг. Өглөө цайгаа уугаад гардаг ч гэсэн өдөртөө хоол авч идэхгүй бол жаахан хэцүү байдаг.
СУРАГЧИД ӨДРИЙН ХООЛОНДОО 1500-5000 ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
Сурагчид ихэнхдээ ширхэгийн хоол буюу пирожки, чанадаг гоймон, ороомог зэргийг авч иддэг ажээ. Учир нь заварлагааны цаг богино байдаг учраас цагт хэмнэлттэй бөгөөд үнийн хувьд боломжийн учир дээрх хоол хүнсийг авахаас өөр аргагүй болдог гэнэ.
Ялангуяа пирожки нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болдог талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс хийсэн судалгаанд дурджээ.
Ширхгийн хоолны үнэ дараах байдалтай байна.
№ |
Бүтээгдэхүүн |
Үнэ |
1 |
Пирошки |
1500-2000 төгрөг |
2 |
Хотдог |
2200-3500 төгрөг |
3 |
Чикен |
2700-4500 төгрөг |
4 |
Шилтэй хийжүүлсэн ундаа |
1000-1500 төгрөг |
5 |
Чанадаг гоймон |
3500-4500 төгрөг |
6 |
Кимбаб |
2000-4000 төгрөг |
Д.НЯМ-ОСОР: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАМГИЙН
ИХ ИЛЧЛЭГТЭЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ
Ахлах, дунд ангийн сурагчдын өдрийн хоолны чанартай холбоотойгоор АШУҮИС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Д.Ням-Осортой ярилцлаа.
-0-18 насны хүүхдийн өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ хэд байх ёстой вэ?
-Нас бүртээ харилцан адилгүй. Эрүүл мэндийн сайдын А74 тоот тушаалд үүнийг нарийн заагаад өгчихсөн байгаа. Үүн дотроо өсвөр насны хүүхдүүд ялангуяа хамгийн их илчлэг авах ёстой байдаг. Учир нь энэ үед хүүхдүүдийн бодисын солилцоо, өсөлт хамгийн эрчимтэй явагддаг. Тэдний бие физиологийн онцлогт өөрчлөлт гарч байна гэсэн үг. Үүнээс шалтгаалж хоногт авах хоолных нь хэмжээ хүртэл их байна. Уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисуудыг хангалттай авахын тулд шим тэжээллэг хоол идэх ёстой байдаг.
-Тэгвэл манай дунд, ахлах ангийн хүүхдүүд өдөрт авах ёстой шим тэжээлээ хангалттай авч чадаж байна уу?
-АШУҮИС-иас хийсэн судалгаагаар энэ насны хүүхдүүд өөрийн бие махбодын онцлог, өсөлтөд тохирсон хоол хүнс хэрэглэж чадахгүй байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Шалтгаан нь хэд хэдэн зүйлээс хамааралтай байна. Нэгдүгээрт, хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол дутмаг байна. Хоёрдугаарт, хооллох амьдралын дадал хэвшил төлөвшөөгүйтэй холбоотой. Үүнээс гадна бидний хийсэн судалгаагаар өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь өглөөний цайгаа уухгүй хичээлдээ явдаг гэх үр дүн гарсан. Энэ нь маш аюултай. Өглөөний цай уухгүй байна гэдэг өөрөө маш олон сөрөг үр дагавартай байдаг. Өглөөний цай ууна гэдэг тухайн өдөртөө өөрийгөө бэлдэж байна гэсэн үг шүү дээ.
Хүүхдийн хоолноос авч буй шимт бодис нь сургууль руугаа явах, хөдөлгөөн хийх, хичээлдээ төвлөрөх, оюуны хөдөлмөр хийхэд нь зарцуулагдах ёстой. Гэтэл үүнийгээ авч чадахгүй байхаар ходоод нь ажиллаад тогтвортой сууж, хичээлээ хийж чадахгүй шүү дээ. Түүнчлэн ядарна.
Өдөр бүр ширхгийн хоол идэж, орой гэртээ ирээд маш их идээд байвал насанд хүрсэн хойноо өвчин эмгэгтэй болох эрсдэлтэй. Өдөржингөө юу ч идэхгүй явж байгаад орой их идэх нь хоол боловсруулах эрхтэн системд ачаалал өгч, ядраадаг. Ингэхээр хичээлээ хийх, үр дүнтэй суух хугацаа нь улам л багасна.
-Уг нь сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг шүү дээ. Үүний хэрэгжилт хэр байна гэж харж байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн А/370 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн орчимд ширхэгийн, шарсан хуурсан хоол зарахыг хориглодог.
Гэвч манай судалгааны багийг ажиглалт хийх явцад сургуулиудын цайны газарт хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүдийг зарж байсан. Үүнийг нь хэн хамгийн их авч иддэг вэ гэхээр үдийн хоолонд хамрагддаггүй хүүхдүүд буюу, дунд, ахлах ангийнхан байдаг. Хүүхдүүд бол сургууль дээрээ бэлэн зарагдаж байгаа хоолыг л авна шүү дээ.
10-18 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 23,5 хувь нь өдөр тутамдаа ширхгийн хоол, пирожки авч идэж байна. Бараг л 5 хүүхэд тутмын нэг нь өдөр бүр пирожки иддэг гэсэн үг. Уг нь манай улсад холбогдох журам нь бий ч хэрэгжилт хангалтгүй байна.
-Пирожки нь бусад ширхэгийн хоолтой харьцуулбал илчлэг өндөр, мөн хямд үнэтэй учраас хүүхдүүд хамгийн их авч иддэг талаар ярьж байна. Энэхүү бүтээгдэхүүнд агуулагдах илчлэгийн хэмжээ хэр өндөр байдаг вэ?
-Бидний хийсэн лабораторийн шинжилгээгээр ойролцоогоор нэг пирожкинд 300-400 ккал илчлэг агуулагдаж байна. Энэ нь нэлээд өндөр гэсэн үг. Гэхдээ пирожки нь зөвхөн хоосон илчлэг агуулдаг. Ногоогүй учраас амин дэм, эрдэс бодис гэсэн зүйл огт байхгүй. Эсрэгээрээ гурил, тосны агууламж маш их.
Нөгөө талаар тосны чанарын асуудал яригдана. Транс тос буюу олон дахин хэрэглэсэн тосонд шарж хуурсан бүтээгдэхүүн нь ямар ч шим тэжээлгүй байдаг. Хадгалах хугацаа удаантай гурилан бүтээгдэхүүнүүд ихэвчлэн транс тосны агууламжтай байдаг. Учир нь энэ тос нь бүтээгдэхүүнийг муутгахгүй удаан байлгах, илүү амттай, хурц үнэртэй болгох шинж чанарыг агуулдаг. Ингээд харвал ширхэгийн хоолнууд нь хүүхдийн хоногт авах ёстой илчлэгийн хэмжээг нөхөж чадахгүй. Өөрөөр хэлбэл өсөлт хөгжил, хоногийн энерги зарцуулалтад шаардагдах шимт бодисыг өгч чадахгүй.
-Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байх нь алсдаа ямар хор уршигтай байх вэ?
-Хүүхдэд ч, яваандаа нийгэмд ч сөрөг үр дагавартай. Тухайн хүүхэд өөртөө өвчин л хурааж байна гэсэн үг. Энэ нь явцдаа эрүүл мэндийн тогтолцоонд дарамт учруулах нэг эрсдэл бий болгож байгаа хэрэг.
Эрчимтэй өсөлтийн үед хүүхдүүдийн ясны эзлэх хувь, цусны эзлэхүүн нэмэгддэг. Мөн үүний хэрээр төмрийн агууламж шаардлагатай болдог. Ялангуяа өсвөр насны охидын төмрийн хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг. Тиймээс төмрийн агууламж өндөр мах махан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хэрэв энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй бол цус багадалттай болох эрсдэлтэй. Цус бол хүний эрхтэн системд бүхий л шимт бодисуудыг дамжуулах үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ ажиллагаа муу байвал шимт бодисын агууламж буурах эрсдэлтэй. Улмаар байнга ядарч, нозоорно.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.