НҮҮРСНИЙ ХЭРЭГ: 86 үл хөдлөх, 47 тээврийн хэрэгсэл, 13.8 тэрбум төгрөгийг хураан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ ХЭРЭГ: 86 үл хөдлөх, 47 тээврийн хэрэгсэл, 13.8 тэрбум төгрөгийг хураан авчээ

/2023.02.16/ “Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас мэдээлэл өглөө.

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэг дээр ажиллаж буй ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Ажлын хэсэг 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 368 удаа, гэрчээр 780 хүнээс мэдүүлэг авч, 820 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авчээ. Энэ хугацаанд 32 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан байна. Түүнчлэн нийт 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Үүнээс,

  • 16 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан,
  • 14 албан тушаалтныг хахууль авах,
  • 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх,
  • 19 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл,

  • Нийтийн албан тушаалтан 40 /улс төрд нөлөө бүхий этгээд/
  • УИХ-ын гишүүн 4,
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан 1,
  • Төрийн нарийн бичгийн дарга 1,
  • Засаг дарга 2,
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1,
  • Гаалийн улсын байцаагч 12 ,
  • ХХЕГ-ын харьяа байгууллагын 4,
  • Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 4,
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2,
  • “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 6,
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 3,
  • Хуулийн этгээдийн албан тушаалтан 14,
  • Иргэн 21 тус тус байна.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо 8 яллагдагч цагдан хоригдож байгаа аж. Мөн улсын хилээр гарахыг хязгаарласан 34, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 25 яллагдагчид авчээ.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Улмаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Одоогоор,

  • 86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай),
  • 47 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн,
  • 5 газар,
  • 2 хуулийн этгээдийн хувьцаа,
  • 35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ,
  • 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн байна.

ТОДРУУЛГА: ТҮЦ дээрэмдсэн этгээдүүд өмнө нь олон удаагийн гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байжээ
ТОДРУУЛГА: ТҮЦ дээрэмдсэн этгээдүүд өмнө нь олон удаагийн гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.