/2023.02.16/ Хэсэг бүлэг этгээд нийлж ТҮЦ дээрэмдэж буй бичлэг өчигдөр цахим орчинд тархсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, уг хэрэг энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01.30 минутын орчимд БЗД-т гарчээ. Улмаар НЦУГ-ын МШГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэрэг үйлдсэн 5-6 бүлэг этгээдийг шуурхай илрүүлсэн байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 насны иргэд бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байжээ.
Иймд худалдаа эрхлэгч та бүхэн өөрийн өмчийн орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.