/2023.02.15/: Аймгийн Прокурорын газраас тус аймгийн Замын цагдаагийн ажилтан Н-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулж хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан, мөн Ц, Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн Б нь 2017 оны наймдугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400.000 төгрөгөөр торгож шийтгэжээ.
2018 оны долоодугаар сарын 16-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын А/142 дугаар тушаалаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх тухай журмыг шинээр баталж, уг журамд жолоодох эрхээ хасуулсан хүн төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй 6 цагийн багц сургалтад хамрагдан батламж авч, батламжийг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс эрхийг сэргээхээр заажээ.
Цагдаагийн ажилтан Н нь дээрх журмыг зөрчиж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Б-ээс өөрөө шалгалт авч, улмаар шалгалтад тэнцээгүй унасан байхад нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын төвийн багш Ц-ээр дамжуулан 50000 төгрөгийн хахууль авч Б-г шалгалтад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгч Н-ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан, жолооны багш Ц болон Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н-д төрийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц, Б нарт төрийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн байна.
Эх сурвалж: ШҮҮХ