/2023.02.13/ Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж шийдвэрээ танилцууллаа. Хуралд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон байна. Тэрээр бүлгээс гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.
АН-ын дарга Л.Гантөмөр:
-Аж ахуй нэгжид хэрхэн татвар, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Ялангуяа НДШ-ийг бууруулахгүйгээр цаашид явахгүй юм байна. НДШ буурахгүй байгаа учир ажил олгогчид хүн авахгүй байх сонирхолтой байна. Хамгийн сүүлд батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан 10 сая төгрөгөөс дээш татвар авна гэсэн зүйл заалтыг болиулах шаардлагатай байна. Тэгэхгүйгээр өндөр цалин өгөх, дундаж давхаргыг бий болгох боломжгүй. Эсрэгээрээ нийгмийн даатгалд хамрагдаж болохуйц төвшнөөс дээш орлогоос татвар авахгүй байх чиглэлд ажил хийх шаардлагатай байна. Ингэж байж Монгол Улс дундаж давхарга бий болгох боломжтой.
Иргэдийн 70 хувь нь ядууралд, 50 хувь нь маргаашдаа санаа зовж байна. Маргаашийн монголд огт итгэхгүй байна. Маргааш ажилгүйдэл алга болно гэдэгт хэн ч итгэхгүй байна.
Тиймээс АН-ын бүлэг хуралдаад хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр бүрэлдэхүүн гаргахаар шийдвэрлэлээ. Тус бүрэлдэхүүнийг Ж.Батсуурь гишүүн ахална. Бид богино хугацаанд ядуурлыг арилгах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв.