/2023.2.6/ Сиритэй хиллэдэг Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп хотод өнөөдөр өглөө хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь үрэгдсэн талаар бид мэдээлсэн билээ.
20 минутын өмнөх мэдээгээр Турк болон Сири улсуудад амиа алдагсдын тоо 1800 давжээ.
7,8 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 05 цагийн орчимд болжээ. Дотоодын дайн самууны улмаас орон гэргүй болоод байсан Сирийн дүрвэгчдийн хувьд нөхцөл байдал маш хүнд болжээ.
Мөн цаг агаарын хүйтэн, чийглэг байдал аврах ажиллагаа явуулахад, мөн газар хөдлөлтөд өртөгсдөд ихээхэн хүнд байгаа ажээ.
Туркийн талын мэдээллээр, 1121 хүн амиа алдаж, 7634 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 2834 байшин барилга нуржээ.
Үүссэн нөхцөл байдлын улмаас дэлхийн олон улс орнууд Турк улсад яаралтай тусламжийг илгээж байна.
Их Британи гамшгийн үеийн мэргэжилтэн 76-г, мөн шаардлагатай хэрэгсэл, хайгуулчин нохдыг илгээжээ. Пакистан, Израйль, ОХУ зэрэг олон олон улс орон тусламж илгээж байна.
Эх сурвалж: CNN, The Guardian